Эвсэл Э.Батшугарын хариуг хүлээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Эвсэл Э.Батшугарын хариуг хүлээнэ гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан боллоо. Түүгээр Засгийн газраас гадаад зах зээл дээр арилжаалсан “Чингис” бондын талаар Сангийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсчээ. Мөн цаг үеийн бусад асуудлыг ярилцсан байна. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг, Сангийн сайд Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид эвслийн бүлэг Ц.Оюунбаатараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа, үүнээс болж чуулганы хуралдааныг гацаасан нь  “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орсон үүргээ хэр биелүүлж байгаа гэсэн үг болохыг тодруулсан юм.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг үүнд дараах байдлаар хариу өглөө. Тэрбээр “Чуулганы хуралдаан ороогүй нь эвслээс болоогүй. АН-ын бүлгийн ирц тааруу байсан. МАН-ын гишүүд хуралд ирээгүй. Яагаад ороогүйн шалтгааныг МАН-аас асуу. Эвслийн бүлэг тухайн үед хуралдсан. УИХ-ын гишүүнд жагсаалтаар нэр дэвшүүлсэн зарим хүний асуудал шүүх, хуулийн байгууллага дээр байгаа. Тиймээс шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад яаран шийдэх нь гоомой юм биш үү гэсэн асуудал гишүүдээс гарсан. Ингээд СЕХ-ноос тангараг өргүүлэхээр өргөн бариад байгаа Ц.Оюунбаатарын талаар СЕХ руу албан тоот явуулсан. Хариуг аваагүй байна. Эрх бүхий байгууллага нь нэр дэвшигчийн талаарх албан тоот, бичигт хариу өгөх ёстой. Үүний дараа асуудал шуурхай болно. Аль нэг хүний нэр зааж гацаасан хэрэг биш. Хууль нэг л ойлголттой байх ёстой. Эрх зүйн хувьд нягталж үзэх гэсэн байр суурь бий. Тэрнээс биш нэг хүнээс болж хурал гацаагаагүй” гэлээ.

Харин энэ асуултад Ч.Улаан гишүүн хариулахдаа “Маргаантай асуудлыг шийдэх шаардлага байгаа. Үүний цаана Э.Батшугарын асуудал бий. Э.Батшугарыг УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байхад нь иргэний цэргийн үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар СЕХ жагсаалтаас хассан. Эрх бүхий дээд байгууллага нь түүнийг иргэний цэргийн үүргээ биелүүлсэн гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгооч гэсэн асуудлаа СЕХ-нд тавиад байгаа. Түүний хариуг хүлээнэ” гэлээ.Ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүн нь Э.Батшугар уу, Ц.Оюунбаатар уу гэдгийг СЕХ-ноос өгөх хариугаар шийдэхээр болсон байна.

Сангийн сайд Ч.Улааны “Чингис” бондын асуудлаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариуг удахгүй хүргэнэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж