Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-16-нд БНАСАУ, Японы төлөөлөгчид Улаанбаатарт уулзаж, зөрчилтэй зарим асуудлаар санал солилцсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон уг уулзалтаар Хойд Солонгосын албаны төлөөлөгчид Японд ажлын шугамаар зорчиж байх боломж, нас барсан япон иргэдийн шарилыг эх оронд нь буцаан өгөх зэрэг нэлээд хурцадмал асуудлыг хаалттай хэлэлцээд буцсан.
Одоогоос таван жилийн өмнө 2007 онд БНАСАУ, Японы тал мөн л Монголд уулзаж зөрчилтэй асуудлуудаа ярьж байсан билээ.
Тэгвэл Улаанбаатарт хийсэн уулзалтынхаа үргэлжлэлийг Хойд Солонгос, Японы тал энэ арванхоёрдугаар сарын 5-6-ны үед Бээжин хотод уулзалтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ нь Улаанбаатарт хийсэн уулзалт амжилттай болсны илрэл хэмээн ажиглагчид үзэж байгаа ажээ.
Д.ОЮУН