Энхийг сахиулах ажиллагаанд УИХ хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулах ажиллагаанд УИХ хяналт тавина

УИХ-ын  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  олон хуулийг шууруулан баталж байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн горимын саналын дагуу анхны хэлэлуүүлгээр нь баталлаа.
УИХ-ын  гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Гишүүд хуулийг батлахын өмнө зарчмын зөрүүтэй саналуудаа илэрхийлэн ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Гишүүн Ц.Мөнх-Оргил энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх, Монгол Улсын зэвсэгт хүчний дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэгтэй оролцох гэсэн саналууд гаргасныг гишүүд дэмжиж хуульд тусгахаар боллоо. Гишүүн С.Оюун, Я.Батсуурь нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах гэснийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн гэж өөрчлөх гэсэн санал гаргасан ч татаж авлаа.  
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэсэн  хүчнийг нийтийн эмх замбараагүй байдал дэгдсэн үед түүнийг зохицуулуулах ажилд татан оролцуулж байсан явдал манайд бий. Үүнийг ямар хуулиар зохицуулж байгаа юм бэ хэмээн асуусан юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд энэ нь хэлэлцэж байгаа асуудалд хамаагүй тул байнгын хороон дээр яриагүй. Энхийг сахиулах НҮБ-ын мандаттай холбоотой хуулийн төслийг  хэлэлцэж байна. Харин Ө.Энхтүвшин гишүүний асуулт нь  Онц байдлын тухай болон  Дайны байдлын тухай хуулиар зохицуулагдана гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг ”Харж байхад Засгийн газарт энхийг сахиулах үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг шилжүүлээд  УИХ хянах боломжгүй болсон мэт харагдаж байгаа. Олон улсын Парламентын холбооноос гаргасан зөвлөмжөөр бол энхийг сахиулах үйл ажиллагаанд УИХ хяналт тавихаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж тусгасан байгаа” гэж байв. З.Энхболд гишүүний хариулснаар бол УИХ-ын зэвсэгт хүчинд тавих  хяналтын талаар  бусад  холбогдох хуулиудад тодорхой тусгажээ. Ийнхүү Зэвсэгт хүчинтэй холбоотой багц хуулиудыг өнөөдөр баталж гараас гаргалаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж