Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймгийн арслангууд хоёр өдрийн турш сагсан бөмбөгөөр өрсөлдлөө. "Мөнгөн цагариг" клубээс зохион байгуулдаг бөхчүүдийн сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн зургаа дахь жилдээ өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ удаагийн тэмцээнд аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцсоноороо онцлогтой байв. Тэмцээнд улсын аварга С.Мөнхбат ахлагчтай "Увснуур", арслан Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай "Бөхбилэгт", арслан До.Ганхуяг ахлагчтай "Их Монголын хүчтэн", арслан Д.Азжаргал ахлагчтай "Булганхангайн хүчтэн", гарьд М.Баяржавхлан ахлагчтай "Завхан", гарьд Н.Ганбаатар ахлагчтай "Хантайшир", заан Д.Амгаланбаатар ахлагчтай "Дүнжингарав", харцага Л.Пүрэвжав ахлагчтай Дундговь, Орхоныхон, харцага Т.Амартүвшин ахлагчтай "Ховд", начин Ж.Чулуунбат ахлагчтай "Ихбогд"дэвжээний нийт 10 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглов. Тэмцээний аваргааар До.Ганхуяг арслангаар ахлуулсан Өвөрхангай аймгийн баг түрүүлж, Азаа арслангаар ахлуулсан Булган аймгийн баг хоёрдугаар байрт шалгарлаа. Тэргүүн багаар тодорсон Их Монголынхон улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Санчир, улсын начин Л.Наранбаатар, Д.Батбаяр, Б.Сангисүрэн, аймгийн арслан Д.Батдорж, Ц.Жамсран, Ж.Наранбаатар нараар багаа бүрдүүлсэн байсан юм.
Эх сурвалж: www.undesniibukh.mn