Алдартнуудыг гэгэлзүүлсэн ”Монгол сонгодог”

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Алдартнуудыг гэгэлзүүлсэн ”Монгол сонгодог”

Дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар уран бүтээлийн анхны бие даасан тоглолт “Монгол сонгодог”-оо үзэгч түмэндээ өргөн барьсан нь очсон хүн бүрийн сэтгэлд нийцсэн сайхан тоглолт боллоо. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодод амжилт гаргасан дуурийн  залуу дуучдыг зарим хүн өнөө цагийн алтан баритонууд хэмээн өргөмжлөх болсны нэг нь Г.Ариунбаатар юм. Мэргэжилтнүүдийн зүгээс ирж буй энэ нэр хүнд залуу гавьяатад хүнддэхгүй бололтой нь түүний уран бүтээлийн анхны тоглолтоос харагдах ч шиг.

Оросын нэрт хөгжмийн зохиолч M.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XXIV их уралдааны тэргүүн байрын шагналт, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин тэрбээр олон улсын уралдаанд амжилт гаргахад нь тусалж дэмжин, дээлийнх нь захыг мушгиж суусан монголчуудад талархсанаа илэрхийлж сайхан тоглолтоор бэлэг барина хэмээж байснаа ийн биелүүлэв.

Тоглолт цагаасаа 30 минутын дараа эхлэх хүртэл танхимд цуглах үзэгчдийг сонжиж суулаа. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж гэр бүлийн хамт, аварга А.Сүхбат “хэнз” гэргий Н.Гарамхандын хамт иржээ. СУИС-ийн багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо,  гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Ц.Чулуунцэцэг, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатар,  ИНЕГ-ын дарга С.Батмөнх болон цагдаагийн байгууллагын удирдлагууд суудалдаа тухалсан байлаа. Гадаадын үзэгчид ч олон харагдав. 

Тоглолтоор зөвхөн ардын жүжигчин төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын шилдэг бүтээлүүд эгшиглэх юм гэдгийг үзэгчид бүгд мэдэж байсан болохоор дор бүрнээ ямар зохиолоор нь эхлэх юм бол доо хэмээн хүлээж байсан биз ээ.  “Монгол сонгодог” “Хутагтын сахиус”-аар эхлэв.  Морин хуурын чуулгын уран бүтээлчид удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар тоглож эхэлсэн. Үүний дараа энэ үдшийн цэнгүүний эзэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар гарч ирж, яруу найрагч О.Дашбалбар агсны шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Миний номин тал” дуугаар тоглолтоо нээв. Хөтлөгч нь ардын жүжигчин Н.Жанцанноров.

Ж.БЯМБАДОРЖИЙН ГАНЦ ШҮЛЭГ САЙХАН ДУУ БОЛЖЭЭ

Ингээд дуучин “Бүжинлхам”, “Буйрын цэнхэр хөвөөнд”, “Зүүд шиг өнгөрдөг хорвоо” “Хань минь дээ”, “Отгонтэнгэр” зэрэг бүтээлийг  Морин хуурын чуулгатай дараалан дуулав. “Хань минь дээ” дууны үгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж бичиж, найз Н.Жанцанноровоор ая хийлгэх санал тавьсан юм билээ. Хөтлөгч “Ж.Бямбадорж амьдралдаа ганцхан шүлэг бичсэн нь энэ. Хэнд ч гологдохооргүй сайхан шүлэг болсон байна билээ” гэж найзыгаа магтав. Магтаалын хариуд Ж.Бямбадорж “Миний шүлэг бичих гэж юу байх вэ. Сэтгэлээс гарсан үгээ хэлхсэн юм. Түүнд минь сайхан аялгуу хийж өгсөн Жанцанноровтоо баярлалаа” гэж хэлээд хөгжмийн зохиолч, дуучин хоёрт хүндэтгэл үзүүлэн цэцэг гардуулав.
Н.Жанцанноровын үг аялгуугаар бүтсэн нэрийн хуудас нь болсон дуу бол  “Хайрлан дуулмаар байна”. Хэн хүнгүй л амандаа аялж байдаг энэ дууг нь Г.Ариунбаатар гавьяат Улсын филармонийн гоцлол дуучин “Voice” группын Д.Отгонжаргалтай хослон дуулах нь үнэхээр гоё байлаа. Мөн дуучин эмэгтэй хөгжмийн зохиолчийн “Аз жаргалын бороо” романсыг нь дуулж үзэгчдэд хүргэв. Ардын жүжигчин А.Долгор “Магнаг цэнхэр дэлхий”,  ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Хүн тэнгэр”, “Амраг минь дээ” дуугаар бэлэг барьсан юм.  

Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхэнд нь Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бол хоёрдугаар хэсэгт Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглосон. Симфони найрал удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар хөгжимдөж, Г.Ариунбаатар “Ханжаргалант” дуугаар тоглолтын хоёрдугаар хэсгийг эхлүүлэв. Дараа нь “Харлаг тэх”, “Чиний минь нулимс” гэсэн хоёр романсыг дуулж  сонирхуулсан. Хөтлөгч ари, романс гэдэг нь шүлэгт ая тааруулж оруулахыг хэлдэг хэмээн дууны урлаг дахь энэ хоёр ойлголтыг энгийн үгээр тайлбарлаж өгсөн нь зөв зүйтэй санагдсан. Хамгийн содон нэгэн уран бүтээлийг “зүсэлж” ирээд л Жааяа ийн ярьсан юм. Тэр бүтээл нь “Арвайн тал” дуу бөгөөд анх удаа тайзан дээр дуулагдав. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж өөрийнхөө төрсөн нутгийн тухай шүлэг бичээд гавьяат жүжигчин П.Ганбатад өгөх гэж байтал гавьяат бурхан болсон. Тэгээд хэн нэгэнд өгч чадаагүй байсаар өөрөө бурхан болоод. Ингээд эзэнгүй нэг бүтээл үлдээд байсан нь ийн олны хүртээл болов. П.Ганбат агсантай хоолойны нь өнгө төстэй ч чадвараар арай дутмаг байж болох юм. Гэхдээ та нар сонсоод үз, сайхан бүтээл шүү” гэв.  Энэхүү дуугаа  анхлан  сонсч өлгийдөж авсан Н.Жанцанноров гуай ч өөрийн эрхгүй догдолж, суудал дээрээ бараг тогтож сууж чадахгүй байгаа харагдсан. Дээр дурьдсан “Буйрын цэнхэр хөвөөнд” дуу нь тайзнаа хоёр дахь удаагаа дуулагдсан нь энэ.  

Ийнхүү гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын монгол сонгодог бүтээлүүд цувралаар тайзнаа “амилуулах” төсөл гараа  сайтай эхлэв. Монголын хөгжмийн урлагийн сор болсон сонгодог бүтээл эгшиглүүлсэн түүний тоглолт үзэгчдийн халуун дулаан уур амьсгал, алга ташилтаар дүүрэн байлаа.  “Монгол сонгодог” төслийн  зорилго нь дэлхийн энтэй Монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулах, тэр гайхалтай бүтээлүүдийн гайхамшгийг сонсгож мэдрүүлэхэд оршиж буй аж.  

ГЕРМАНД ДУУЛАХ САНАЛ ИРЖЭЭ

Тоглолтын дундуур хөтлөгч Н.Жанцанноров нэгэн мэдээлэл дуулж, Залуу гавьяатыг боломжийн түвшинд сурталчлаад авав. Г.Ариунбаатартай Герман улсын томоохон компани хамтарч ажиллах санал илгээсэн гэнэ. Түүнийг компанийнхаа нэр дээр дуулуулж байгаад дэлхийн томоохон театруудад дуулуулах сонирхолтой байгаа юм байна. Одоогоор дуучин саналыг хүлээж авсан ч гэрээнд хараахан гарын үсэг зураагүй байгаа гэнэ. Дуучин Г.Ариунбаатарын товч намтрыг хөтлөгч С.Чимгээ үзэгчдэд танилцуулсан. Дуучин 1988 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд айлын ууган хүү болж төрсөн. 2010 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди агсан, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. 2011 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэхүү амжилтыг нь төр өндрөөр үнэлж гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртээсэн. Тэрбээр одоогоор Монгол Улсын хамгийн залуу гавьяат жүжигчин. Уран бүтээлийн анхны цомгоо гаргаж амжсан. Цаашид илүү ихийг бүтээх зорилготой хэмээн танилцуулсан юм. 

Багш О.Ичинхорлоо нь гурав хоногийн өмнө тоглолтынх нь бэлтгэлтэй танилцжээ. Тэгэхдээ шавиа зэмлэсэн гэнэ. “Та хоёр дэндүү  том уран бүтээл барьж авсан байна. Дуулж чадах юм уу” гэхэд “Багшаа би чадна аа” гэж хэлж зоригоо чангалсан гэдгийг Жааяа багш нь хэлсэн. Энэ үед багш нь үзэгчдийн суудалд залбирчихсан сонсч суусан юм.

ХӨГЖИМЧИН, ХӨТЛӨГЧ, ДУУЧИН

“Монгол сонгодог” тоглолтыг хөтлөн явуулах үүрэг Н.Жанцанноровт ногджээ. Тэрбээр нэвтрүүлэгч С.Чимгээгийн хамт их энгийн хэрнээ үзэгчдэд урлагийн талаар мэдээлэл өгсөн шигээ хөтлөв. Түүнчлэн хөгжимчин, дуучин ч болов. Гавьяатын хамт “Бурхан бумбын орон” дууг чадварлаг гэгч нь дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрэв. Тэрбээр хөтлөгчийн суудалдаа тогтвортой сууж чадахгүй байн байн хөшигний араар гүйж ороод байлаа. Тэгэхэд нь С.Чимгээ “Манай Жааяа ахын сэтгэл нь гэгэлзэж догдлоод тайван байж чадахгүй байх шиг байна” гэхэд “Нөгөө нөхрийн хоолой нь гайгүй юу, яаж байна гэж асууж яваад ирлээ. Харин санасныг бодвол гайгүй гэнэ шүү” гэв. Мөн түүнчлэн өөрийнхөө аялгуугаар бүтсэн уран бүтээлийг сонсч “Дуу гурван жигүүртэй байдаг гэдэг. Түүнийх нь нэг болоод сууж байгаадаа баярлаж байна” хэмээн сэтгэлээ нээж байлаа. 

Ийнхүү гурван цаг үргэлжилсэн тоглолтыг ардын жүжигчин А.Долгор, дуучин Ө.Уянга нар хамтран “Хүний заяа” дуугаар жаргаасан юм. Үүний дараа нутгийн зөвлөлийг тэргүүлж УИХ-ын гишүүн асан Д.Дондог, аварга А.Сүхбат нар уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэв. Мөн аав, ээж, гэр бүлийнхэн нь ч тайзнаа гарч баяр хүргэсэн юм.

О.САЙХАНЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж