”1990 оноос хойш шинэчлэгдээгүй салбар гэвэл хууль”

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

”1990 оноос хойш шинэчлэгдээгүй салбар гэвэл хууль”

Прокурорын байгуул­лагынхны удирдах ажилтны нэгдсэн зөвлөлгөөн УЕП-ын газарт  гурван өдөр үргэлжилсэн билээ. Уг зөвлөлгөөнд аймаг, нийслэл, тээвэр, сум дундын мөн дүүргүүдийн ахлах болон орлогч гээд нийтдээ 100 гаруй прокурор оролцож салбартаа тулгамдаад буй асуудлыг хөндсөн юм. Тухайлбал прокурорын байгууллагынхан өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, ажлын ололт, алдаа дутагдал, тэдгээрийг арилгах арга цаашдын зорилтын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон бөгөөд улмаар ерөнхий прокурор Д.Дорлигжав цаашид хийх ажлын талаар, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцсанаа хүргэж байна.  
-Зөвлөлгөөнд оролцож буй зарим “Манай байгууллага огт шинэчлэгдээгүй. Иймээс одооноос энэ асуудлыг ярих ёстой” гэж байна. Та бүхний харснаар салбараа яг яаж шинэчлэх ёстой вэ?

-Өнгөрсөн жил “Шүүх эрх мэдлийн шударга ёс” гэсэн томоохон чуулган Төрийн ордонд болсон. Уг чуулганд Ерөнхийлөгч хорихоос өөр зүйлийн ялын биелэлт тэр дундаа торгох ялын биелэлт хангалтгүй байгаа талаар онцлон ярьсан. Үүний дагуу Нийслэлийн прокурор торгох ялын биелэлтийн талаар аян зохион байгуулсан бөгөөд прокурорын байгууллага, шүүхтэй хамтарч ажилласаны үр дүнд 54 хувийн биелэлттэй ажилласан юм. Энэ бол манай хоёр байгууллагын хоёр сарын хугацаанд хийсэн ажил бөгөөд үр дүн нь тун сайн байсан хэрэг. 

-Хурлын зааланд “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд шинэчлээгүй байж одоо шинэчлэнэ хэмээн том дуугарч байна” гэж ярих прокурорууд бас л байна. Мөн Х.Тэмүүжинг сайд болонгуутаа ингэж байна гэх хүмүүс ч мэр сэр тааралдлаа?

-Ерөнхий прокурор ажлаа аваад 2.5 жил болж байна. Энэ хугацаанд их юм хийсэн. Х.Тэмүүжин сайдын ярьж байгаа нь зөв. Гэхдээ түүнд энэ салбарын талаар хангалттай сайн мэдээлэл байхгүй учраас хүмүүст буруу, сөрөг мессэж очоод байх шиг. Шинэчлэлийг хийхэд хэцүү. Зарим хүнд нь таалагдахгүй, зарим нь эсэргүүцнэ гээд янз янзын асуудал тулгарах төдийгүй энэ нь цаг хугацааны асуудал юм. Гэхдээ манай хуулийнхан одоо жараахай бус тул барьдаг болсон шүү. Ерөнхий прокурор энэ ажлыг эхлүүлсэн.
 
-Шинэчлэгдэхгүй гээд байгаа прокуроруудыг зайлуулна гэх яриа ч бас байна. Энэ үнэн болов уу?

-Прокурорын байгууллага шинэчлэгдэх цаг нь болсон. 1990-ээд оноос хойш шинэчлэл хийгдээгүй салбар бол манай хуулийнхан байсан. Бусад  салбар буюу эдийн засаг, нийгэм, соёл урлагийн салбарт гэвэл шинэчлэл хийгдсэн шүү дээ. Яг үнэндээ 2010 оноос өмнө энэ талаар юу ч хийдэггүй байсан атлаа бие биерүүгээ бичиг цаас шидэн түүнийгээ шинэчлэл гээд ярьдаг байсан. Мөн хуулийн байгууллагыг чадваргүй, танил талынхаа хүмүүсээр дүүргэсэн байсныг ч нуухгүй. Харин ерөнхий прокурор энэ асуудлыг үндэсээр нь өөрчилж, бүхэлд нь шинэчлэнэ гэж байгаа нь зөв. Холбогдох журам заавраар өөрчлөж хүн рүүгээ чиглэсэн бодлого баримталж байна. Хууль тогтоомж нь зөрчилтэй, хүмүүс аль өөрт боломжтой хуулийн заалтыг нь хэрэглэдэг байсан. Хууль нь дотроо зөрчилтэй учир яаж өөрчлөгдөх юм бэ. Шүүх, прокурорын хуулийн заалт ч хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй шүү дээ.

-Шүүх, прокурорын бай­гууллага шинэчлэгдсэн гэх ч буруу тал руугаа шинэчлэгдэх хандлагатай гэсэн шүүмжлэл гадуур бас л байна. Гал тогоонд нь ажиллаж байгаа хүний хувьд та энэ талаар юу бодож байна вэ?

-Өмнө нь бүх юм шударга байгаагүй шүү. Бүх юм дампуу байсан. Иймээс үүнийг л өөрчлөж шинэчлэх гээд байна шүү дээ. Хүний нүдэнд харагдахгүй ч шинэчлэх үе шат явж байгаа. Хуульчид сэтгэлзүйн бэлтгэлтэй байж зоригтойгоор шинэчлэх хэрэг­тэй. Шинэчлэгдэж чадах­гүй нь зайлах л хэрэгтэй. Чаддаг хүн нь ажлаа зөв хийгээд явна биз.

-Яг үнэндээ ядарсныг нь яллаж, задарсныг өршөөдөг хуулийн байгууллага прокурор болчихоод байгаа юм биш үү?

-Урьд нь ийм байсныг үгүйсгэх аргагүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг прокурорууд байгаа. Мөнгөтэй нь ялаас мултардаг. Хоригдлууд ч хилсээр, хэн нэгний золиосонд ял эдэлж байгаагаа хэлдэг. Үнэний ортой. Ажлаа хийж чадахгүй, хүний эрхийг хохироочихоод “Би хуулийн дагуу ажилласан” гэвэл эндүүрэл. Ажлын төлөө биш, эрх мэдлийн төлөө улайрсан хүмүүс зөндөө байна.

-Зарим дуулиантай хэргүүд прокурорын шатанд байна гэж байгаад хэрэгсэхгүй болох ч юм уу замхарчихдаг тал бий?

-2002 оны хуулиар прокурор хэргийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгодог болсон. Хэрэг биш юмыг шүүхэд өгөх шаардлага байхгүй. Харин шүүхээр орсон хэрэг шийдэгдэхгүй бол прокурор шалгаж үзээд хэрэгсэхгүй болгох эрхзүйн заалт бий. Прокурорын байгууллагад эрх нь бий шүү.

-Прокурор, шүүх, өмгөөлөгчдийг нэгтгэж “Хуульчдийн холбоо” болгоно гээд байгаа асуудалд та ямар байр суурьтай байна?

-Байр савны хувьд нэгтгэж нэг болгох гээд байгаа юм биш үү. Хууль нь өнгөрсөн жил батлагдсан. Хуулийг хаана хаанаа биелүүлэх үүрэгтэй. Нэг цогцолбортой болоод нэг хаалгаар нь шүүх, нөгөө хаалгаар өмгөөлөгчид орж  ажиллахаар болгож байна. Нийслэлийн дүүрэгт зургаан прокурорын газар байлаа гэхэд тэднийг нэг дор байлгах хэрэгтэй.

-Нийслэлд нийт хэчнээн хорих анги байдаг вэ?

-12 хорих анги байдаг. 3000 орчим хүн ял эдэлдэг. Ажлын ачаалал их. Бид өөрийнхөө боломжоор ажилладаг. Хорихууд нийслэлд алслагдсан газар байдаг. Ялтнуудын хүмүүжиж байгаа орчин нь 100 хувь шаардлага хангасан орчин байхгүй. Гэхдээ одоо бол гайгүй ажил хийж  байна.

-ШШГЕГ-ын ялтнуудын хүмүүжиж байгаа орчныг ая тухтай сайхан байна гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаг?

-Ялтнуудын тухай ярихаас гадна хууль сахиулах албан хаагчдын талаар ярих хэрэгтэй. Хорих ангийн алба хаагчид хуулиа сайн мэддэггүй, дутуу ойлгодог, тэр хэрээр ялтантай муухай харилцдаг. Олон талын юм бий. Хувь хүний ухамсар гэж   том зүйл бий. Авдрантын хорих гэж Төв аймагт, уулын мухарт нэг аймар газар байна. Тэнд насаараа ажилласан хүн ямар ааш зантай болох нь аргагүй биз дээ. Ялтнууд ялаа эдлээд гараад явна, үлдсэн албан хаагч ямар байх нь ойлгомжтой. Ялтнаасаа долоон дор болдог.

-Хорих ангийн хараа хяналт муутайгаас болж хоригдлууд оргодог уу?

-Ялтан оргосон шалтгааныг олж тогтооно. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгэж эдлэж байсан ял дээр нь нэмж ял онооно. Шалтгаан  нь янз бүр шүү дээ. Хорих ангийн албан хаагчдын хараа хяналт сул. 20 ялтанд нэг албан хаагч оногдох ёстой бол манайд 80 ялтанд нэг албан хаагч оногддог. Тэгэхээр нэг хүн 80 хүнтэй яаж харилцах нь ойлгомжтой байгаа биз дээ. Алба хаагч хүрэлцэхгүй байна.

О.САЙХАНЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж