Дэлхийн хөгжмийн төлөөлөгчид Монголд саатна

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөгжмийн төлөөлөгчид Монголд саатна

Аялан тоглолт Монголд үргэлжилнэ 

1990-ээд оны дэлхийн амьд хөгжмийн төлөөлөгчид болох “Micheal learns to rock” хамтлаг энэ онд “Tour Аsia” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэд Монголд саатахаар шийджээ. Тодруулбал “Evento” компанийн урилгаар энэ сарын 7, 8-нд “UB Palace”-т тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо ажиллаж байгаа бөгөөд амьд хөгжим, гэрэлтүүлгийг “Total music” хариуцаж байгаа аж. Уг тоглолтод “Micheal learns to rock” хамтлаг хит болсон “Take me to your heart”, “Sleeping child”, “Paint my love”, “That’s way”, “Blue night”, “You took my heart away”, “25 minutes”, “Nothing to lose” зэрэг алдартай дуугаа дуулах юм байна. Тоглолтын тасалбар суудал зэрэглэлээсыг хамаарч 40, 60, 80 мянгын үнээр “Hi-Fi” сиди шопын салбаруудаар болон, Evento.mn сайтаар худалдааж байгаа юм байна.

“MICHEAL LEARNS TO ROCK” ХАМТЛАГИЙН ТҮҮХЭЭС..

1988 онд хамтлагийн одоогийн дуучин, даралтат хөгжимчин Жаша Рихтер өөрийн дунд сургуулийн найз, хамтлагийн бөмбөрчин Карэ Ваншертай хамтран дуу зохиож, амьд хөгжим тоглож эхэлжээ. Үүний дараа “Rocking Studs” хамтлагт соль гитарчин байсан Миккел Ленцийг хамтлагтаа элсүүлснээр одоогийн алдарт  “Michael Learns To Rock” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй тэд басс гитарчин хэрэгтэй гэдгийг ойлгон хамтлагтаа “Led Zeppelin” хамтлагийн гитарчин Soren Madsen-ыг элсүүлжээ. Хэдий Мадсэн поп-рок хамтлагт тоглоход түүний сонирхол зөрж байсан ч бусад гишүүнээ орхилгүйгээр Данийн “Евровишн” тэмцээнд оролцохыг санал болгон тэдэнтэй хамт байсан юм. 1992 онд “I stiil carry on”  сингл нь Дани, Норвеги, Швед, Индонез, Малайз, Сингапур, Филлипин зэрэг улсад хэдэн долоо хоногийн турш хит болж байв. 1993 он хоёр дахь цомог болох “Colours”-г гаргасан байна. Цомог дэлхий даяар нийт 1,1 сая хувь борлогдсон ба “Sleeping Child”, “25 minutes”, “Out of the blue” зэрэг хит дуутай.

Анхны аялан тоглолтоо Азиас эхэлсэн ба тэр дундаа Бангкок хотноо 12,000 үзэгчтэй томоохон тоглолт хийсэн.

1994 онд “25 minutes” сингл нь Сингапурын Грэммийн шагналын “Оны шилдэг дуу” шагнал, 1995 онд Германы бүх FM, радиогийн “Шилдэг дуу” гэсэн номинацийн эзэн болж байсан удаатай.

1995 оны наймдугаар сард “МLTR”-н гурав дахь цомог “Played on Pepper” худалдаанд гарсан даруйдаа 1,2 сая хувь борлогдсон бөгөөд цомгийн “That’s why” (You Go Away), “Someday” зэрэг дуу нь тэднийг алдрын оргилд хүргэж чаджээ. “Micheal learns to rock” хамтлаг Балба, Дани, Индонез, Хятад, Тайланд, Малайз, Финлянд, Хонконг, Энэтхэг, Япон, Сингапур, Тайвань, Өмнөд Африк, Швейцарь, Бангладеш, Арабын Нэгдсэн Эмират Улс, Вьетнам, Камбожи, Норвеги, Өмнөд Солонгос, Шри Ланк, Швед, Испани, Финлянд, Герман, Их Британи зэрэг нийт 21 орноор аялан тоглолтоо хийсэн байна.

МОНГОЛЫН ФЭНҮҮДИЙНХ НЬ ДУНД ГОЁ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

“MICHAEL LEARNS TO ROCK” хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ тэмцээнийг Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний бүртгэл өнгөрсөн сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай болжээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчид фонограммтай дуулсан бичлэгийг “Youtube” сайтад байрлуулан үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шилдэг 10 оролцогчийг шал­гаруулах аж. Энэхүү тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт  энэ сарын 5-нд тодрох юм. Гуравдугаар шатанд шалгарсан 10 оролцогчоор нэвтрүүлэг хийж эхний гурван байрыг шалга­руулах юм байна. Гурав­дугаар шатны шилдэг 10 оролцогчийг энэ сарын 6-ны өдөр болох “MICHAEL LEARNS TO ROCK” хамтлагтай цуг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох эрхээр шагнах бөгөөд тоглолтын тасалбар, гарын үсэгтэй цомгоор шагнах юм байна.

Б.МАРАЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж