Харин БНСУ-д Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Б.Ганболдыг томилжээ. 1988 оноос Гадаад харилцааны яамны Ази, Африкийн хэлтэст туслах ажилтнаас эхлэн дипломат албанд зүтгэсэн. Мөн хойд Солонгосын нийслэл Пхеньян дахь ЭСЯ-нд орчуулагч, атташе, ГХЯ-ны Ази, Африкийн газарт улс төрийн мэргэжилтэн, хоёрдугаар нарийн бичгийн дарга, Мэдээлэл мониторингийн газарт даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Вьетнам Улсад Элчин сайдаар ажиллаж байсан. Харин 2008-2012 онд ГХЯ-ны Азийн газрын захирал, энэ оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа юм. Харин Австрид суух Монголын Элчингээр Г.Батжаргалыг томилов. Тэрбээр мөн туршлагатай дипломатч бөгөөд, өдгөө ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирлаар ажиллаж буй. Анх Гадаад харилцааны яамны Европ, Америкийн газарт мэргэжилтэн, Европын газрын дэд захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 1997-2000 онд Лондон дахь ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2002-2003 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2004-2005 онд Вена дахь НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх зэрэг албыг хашиж байсан юм. Германд Элчин байсан Х.Даваадорж энэ удаа Бельгийн Вант улсад Монголыг төлөөлнө. ГХЯ-ны Азийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг ажил хийж байв.
Харин Туркд Гадаад харилцааны яамны Тусгай үүргийн элчин сайд Б.Батхишиг томилогджээ. БНСУ-д суух Элчин сайдын зөвлөх Ж.Сүхээ Казакстанд Монголыг төлөөлөхөөр болж байна. Алдарт “Викилийкс сайтыг” үндэслэгч Жулиан Ассанж АНУ-тай холбоотой холбоотой нууц баримтыг дэлгэхэд Ж.Сүхээгийн нэр монголчуудад эчнээ танил болсон. Түүнийг 35 жил нууцын зэрэглэлд байх ёстой материалыг америкчуудад өгсөн хэмээн нэг хэсэгтээ шуугиж байсан. Сөүл дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллахаасаа өмнө тэрбээр Гадаад харилцааны яамны Азийн газрын захирлаар ажиллаж байв.
Дэлхийн халуун цэг Афганистанд суух Элчин сайдаар томилогдсон О.Дамбийнямын хувьд ГХЯ-ны Тусгай үүргийн Элчин сайд аж. Гэхдээ өмнө нь Польш, Сингапураас гадна Балтийн орнууд болох Латви, Эстони зэрэг орнуудад Монголыг төлөөлөн сууж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө гадаадад суух зарим элчинг томилох үеэр тэрбээр мөн БНПУ-д Монголыг төлөөлөхөөр нэр нь сонсогдож байв. Гэвч өмнөх Элчин нь ирээгүйгээс болсон уу О.Дамбийням явж чадаагүй байна. Харин энэ удаад Афганистанд томилогдохоор Засгийн газраас дэмжлэг авлаа.
Ийнхүү мэргэшсэн дипломатчид эх орноо төлөөлөн гадаад улсуудад суухаар болж байна. Харин тоон дотор үсэг цохиж явна гэгчээр тэдний дунд Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатын нэр оржээ. Түүнийг Булангийн орнуудын нэг Кувейтэд суулгахаар болсон аж. Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээр хийж байгаа талаарх худал мэдээлэл нийгэмд цацагдахад ард түмэнд тайлбар өгөөгүй, эрхэлсэн ажлынхаа талаар Засгийн газарт тайлагнаагүй гэсэн шалтгаанаар тэрбээр суудлаасаа бууж байлаа. Харин тэрбээр С.Батболдын Засгийн газрын зарим сайд цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хийсэн, хийгээгүй гэх мэтээр баахан шуугиан дэгдээж байсан юм. Түүнийг Кувейтэд суух болсон шалтгааныг цөмийн асуудалтай ч холбон тайлбарлах нэгэн байна. Учир нь С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргаасаа огцорсны дараа буюу лааз өшиглөж явахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Иранд явж байсан хэмээн сонсогдож байсан билээ. Сонгуулийн дараагаас Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат эргээд очно гэсэн мэдээлэл цацагдаж, тус газрынхан нь жийрхлээ хэмээж байсан ч ташаарсан бололтой. Ямартаа ч тэрбээр Кувейт явахаар болж байна.
Засгийн газар дээрх хүмүүсийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих бөгөөд, эцсийн визийг Ц.Элбэгдорж дарах учиртай юм.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин