
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны маргаантай холбоотой АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцлээ. Сэтгүүлчдэд хаалттай болсон шүүх хурал өглөө 09:00 цагт эхэлж, оройн 20:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Харин шүүгчдийн бүрэлдэхүүн хурал дууссанаас хойш гурван цаг орчим зөвлөлдөж, шийдвэрээ гаргалаа.
Шүүх хуралд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын сонгуулийн үеэр нийслэлийн АН-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоогийн Зам, тээврийн сайд А.Гансүх нарыг гэрчээр оролцуулахыг Л.Эрхэмбаяр хүссэн. Гэвч тэд хуралд ирээгүй. Харин гэрчээр 15 хүн орох байсан ч хоёр нь хүндэтгэн үзэх шалтгаантай тул ирээгүй аж. Ингээд шүүх хуралд 13 гэрч оролцож, Э.Лхагвасүрэн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч талын хүмүүс байлцав. Нэхэмжлэгч тал болох Л.Эрхэмбаяр нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоол болох “Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын авсан санал хуульд заасан хувь хэмжээндээ хүрээгүй гэх үндэслэлээр дахин санал хураалт явуулах” гэснийг үгүйсгэн, 43 дугаар тогтоол гээчийг гаргаж ирэн маргаан үүсгэсэн билээ. Түүний мэддэг 43 дугаар тогтоолд “УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 43 дугаар тогтоол батлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Мөн нэр дэвшигч Л.Эрхэмбаярт тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох” тухай шийдвэрлэсэн аж. Харин Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ хуулийн дагуу гаргасан хэмээн үзэж түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Ингэснээр Л.Эрхэмбаярын дахин санал хураалт явуулахгүй, хууль, шүүхийн байгууллагын хүчээр гишүүн болох гэсэн санаа нь хэрэгжихгүй болов. Түүний гаргасан бүх хүсэлтийг Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй гэж үзсэнээр бүтэн өдөр үргэлжилсэн шүүх хурал өндөрлөв. Уг нь УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг өнгөрсөн сарын 21-нд болсон орон нутгийн сонгуультай хамт зохион байгуулахаар төлөвлөж, СЕХ-ноос чиглэл өгч байсан. Гэвч Л.Эрхэмбаярын балгаар энэ асуудал шийдвэрлэгдэж чадахгүйд хүрч, сонгинохайрханчууд төлөөллөө төрд бүрэн илгээж чадахгүй гацаанд орчихлоо. Харин Л.Эрхэмбаяр шүүхийн шийдвэрийг сонсоод нэлээд ууртай, хөмхийгөө зуун гарч явна билээ. Гэхдээ шүүх нэгэнтээ шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрэв давж заалдахгүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно гэсэн үг. Уг нь энэ асуудал аль хэдийнэ эцэслэн шийдэгдэх боломжтой байлаа. Гэтэл өдий болтол сунжирсан хэвээр л. Юутай ч Л.Эрхэмбаярын хүссэнчлэн “26 дугаар тойргийн хорооны даргаар ажилласан М.Баасандоржийн ч мэдэхгүй, тойргийн хорооны бичиг хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, СЕХ-нд ч хүргэгдээгүй, бүр утга найруулгын хувьд алдаатай 43 дугаар тогтоол нь хүчингүй болсон болохоор дахин ийм булхайтай зүйл хийж, будлиантуулахгүй бизээ.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
