Халтирч бэртвэл хариуцах эзэн бий шүү

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Халтирч бэртвэл хариуцах эзэн бий шүү

Цас их орж, хаа сайгүй халтиргаа гулгаа ихтэй хэн ч гэсэн халтирч унах вий хэмээн болгоомжлон цэн тогоруу шиг гэтэн тонголзон явсаар гэрийн бараа харна.

Найз маань өчигдөр ажлынхаа үүдэнд халтирч унан, шагайгаа гэмтээчихсэн тул хэд хоног гэрийн “хорионд” орохоор боллоо. Байгууллагынх нь шат халтиргаа ихтэй, чулуун хавтангаар хийсэн болохоор аргагүй ч биз. Яг ийм шалтгаанаар маш олон хүн гэмтэж бэртэн, хохирч буй. Гэхдээ бидний дийлэнх нь ийм үед хохирсон хохирлоо орчныхоо цас, халтиргаа гулгааг цэвэрлээгүй тухайн байгууллагаар төлүүлэх ёстой гэдгийг тэр бүр мэддэггүй. Бүр тодруулбал, Аж ахуй нэгж, байгууллагын ойролцоох 50 метр хүрэх газарт халтирч унаснаас үүдэн бэртэж гэмтвэл тухайн аж ахуй нэгж, байгууллага хариуцна гэсэн журмыг одоогоос гурван жилийн өмнө тухайн үеийн НИТХ-ын дарга Т.Билэгт гаргаж байжээ. Гэвч энэ талаар хүмүүс ч сайн мэддэггүйгээс болж ийм журам байдгийг “санаж”, хохирлоо нэхэмжилж байсан тохиолдол бараг үгүй аж.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгын захирамжаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ний өдрийн тогтоолоор 2009 онд тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ “2009 оны 63-р тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт  заасна хариуцах талбайг 50 метр” болгосугай гэсэн байна. Мөн энэхүү журамд “Хэрэв 50 метр доторхи ногоон байгууламж, цас мөсийг арилгахгүй бол газрын зөвшөөрөлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн өөрчлөлтийг оруулсан байна. Хэрэв аж ахуй нэгж, байгууллага цасаа цэвэрлэхгүй, ногоон байгууламжиндаа анхаарахгүй бол газрын зөвшөөрлийг нь хураах хүртэл авах “хатуухан” арга хэмжээ тооцохоор өөрчлөлт оруулсан юм байна.

Өвөл болохоор Гэмтэл согогийн үндэсний төвийн ачаалал хэд дахин ихсдэг  шалтгаан нь халтиргаа, гулгаанаас болж гэмтэх. Тухайлбал, тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж үзүүлэх тасаг өдрийн 08.00-16.00 цагийн хооронд 100 гаруй өвчтөнд анхан шатны болон хоёрдахь шатлалын эмчилгээ үзүүлдэг. Үүнээс 40 орчим нь зөвхөн халтирч, бэртсэн хүмүүс байдаг аж. Энэ бол зөвхөн нэг өдрийн ажлын найман цагийн хугацаанд хийсэн үзлэгийн тоо. Харанхуйд бэртэж, гэмтэх тохиолдол ч бүр ихэсдэг гэж ГСҮТ-ийн яаралтай тусламж үзүүлэх тасгийн эмч нар хэлж байлаа. Үнэхээр ч өнөөдөр ачааллаа даахаа больсон гэгдэж буй ГСҮТ-ийг ачааллыг нэмдэг нэг шалтгаан нь зөвхөн халтиргаа гулгаанаас болж хохирч гэмтсэн хүмүүс. Гэхдээ иргэд хаа нэгтээ халтирч унаж бэртлээ гэхэд хэн нэгнийг буруутгах биш, байгалийн үзэгдэл юм хэмээн бодож, өөрсдийнхөөрөө л аргалж чаргалан эмчилгээ хийлгэдэг.

Хэдийгээр ТҮК-ийнхэн гудамжны халтиргаа гулгааг арилгах гэж ажилладаг ч тэртээ тэргүй өдөрт хийж байгаа ажлын цаг нь хүрэлцдэггүй, аж ахуй нэгжийн зам талбайг бүү хэл нийтийн эзэмшлийн гудамжуудаа ч цэвэрлэж амждаггүй. Тиймээс албан байгууллага, аж ахуйн нэгжийг ойролцоох 50 метрийн зай талбайг цэвэрлэж, тохижуулахаар ийнхүү  журамласан байдаг. Уг нь бол Монголд өвөл болж, цас орж, халтиргаа үүсэх нь л тодорхой учраас аж ахуй нэгж, байгууллага ойр орчмын цасаа цэвэрлээд хэвшчихсэн бол өнөөдөр бэртэж гэмтэх хүмүүсийн тоо хэд дахин л багассан байх санж. 

Гэвч харамсалтай нь энэ журмыг хэрэгжүүлж буй байгууллага байна уу?

Нийслэлийн удирдлагуудаас гаргасан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Мэргэжлийн хяналтын байцаагчид, бусад албаныхан хянаж, шалгах ёстой. Наад зах нь гэхэд аль нэг байгууллага цасаа цэвэрлээгүйгээс унаж бэртэж хохирсон бол та тухайн байгууллагаас нь эмчилгээний зардал, хохирол, нөхөн төлбөрөө нэхэмжилчих. Хохирсон иргэн бүр ингэж “тэмцэж” чадвал наад зах нь цаадуул чинь төлбөрт унахаас айгаад цасаа цэвэрлэдэг болох ч юм билүү?

Иргэн та ч гэсэн яг одоо ойр орчмын тань байгууллагууд ойролцоох талбайгаа цэвэрлэсэн эсэхийг харна биз.  Удахгүй идэр ес эхлэнэ. Цас их орж, хүйтний эрч улам л чангарах нь, хэн хэн нь хариуцлагатай байя л даа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж