-Цаг агаарын байдлаас хаана хаана зам даваа хаагдаад байгаа вэ?
-Одоогийн байдлаар алга байна. Архангай аймгийн Цагаан даваа, Завхан аймгийн Давстайн даваа цасанд боогдож, зам хаасан байсныг нээсэн байгаа.
Бид улсын хэмжээнд нийт 49 зам даваанд анхаарал хандуулж, иргэдийг саадгүй зорчуулахад анхааран ажиллаж байгаа. Зам хаах шаардлага гарсан тохиолдолд өдөрт нь буюу хоёр удаа онгойлгож, иргэдийг саадгүй нэвтрүүлэхийг анхаарна. Хаагдсан зам, давааг нээх ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, малчдад өвс тэжээл хүргэх ажилд Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн тусалж байна.
-Машин,техникийн хувьд хир хүрэлцээтэй байгаа вэ?
-Онцгой байдлын ерөнхий газраас энэ асуудлыг шийдвэрлэхээр аймагт бүрт буулт сайтай автомашин бэлтгэн, зам, даваанд гарц гаргах, цасанд суусан, эвдэрсэн машиныг гаргахад хамтран ажиллахыг үүрэг болгосон. Мөн цасанд боогдох аюултай газар амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хоол ундны чанарыг сайжруулах зэрэг тодорхой үүрэг өгсөн байгаа.
-Орон нутгийн сонгуулийн үеэр цасанд боогдсоны улмаас саналаа өгөөгүй тохиолдол гарсан уу?
-Увс аймгийн Хяргас, Наранбулаг сумдад 100 гаруй айл, 70 гаруй мянган мал цасанд боогдсон байсныг Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс сумын удирдлагууд орон нутгийн сонгуулийн өмнө амжиж нүүлгэн шилжүүлсэн. Тэгэхээр санал хураалтад эдгээр өрхүүд бүгд хамрагдсан.
-Гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа газар байгаа юу?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сар гарснаас хойш арваад удаа их хэмжээний цас орж, Увсын Хяргас, Малчин сумууд болон ихэнх аймаг, сумдад 30-40 см, хунгарласан газарт 80 орчим см-ын зузаантай цасан бүрхүүл үүсээд байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар тэгтлээ гамшгийн нөхцөл, байдал үүсээгүй байгаа.
-Алслагдсан сумдад шатахууны хомсдол үүсээд байгаа гэж үнэн үү?
-Үнэн. Шатахууны хомсдолтой байгаа аймгуудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн “Ережан” компаниас 120 тонн шатахуун, Увс аймагт “Магнай трейд” компаниас 300 тонн дизель түлш, мөн хэмжээний тонн шатахуун, Ховд аймагт “Магнай трейд” компаниас 100 тонн дизель түлш, шатахууныг Баян-Өлгийн “Цагаан нуур”, Увсын “Борше" боомтоор татаж бэлдэх асуудлыг өнгөрсөн сарын 30-нд шийдвэрлэсэн.
-Аймгууд өвс, тэжээлээ хангалттай базаасан уу?
-Аймаг, орон нутгийн хэмжээнд 1000 тонн өвс, 300 тонн тэжээлийг, сум-багуудад 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэдэг. Энэ хэмжээндээ бэлтгэсэн.
-Өвс тэжэээл хэдэн төгрөгийн ханштай байна вэ?
-Нэг боодол өвс дунджаар 3200 төгрөг байна. 25 килограммын ууттай хорголжин багсармал 11.000 төгрөгийн үнэтэй байгаа.
-Гамшгаас сэргийлэх, арилгахад хөрөнгө мөнгөний асуудал үүсч байгаа юу?
-Орон нутгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд үүрэг даалгавар биелүүлэхгүй байх, эсвэл шийдвэрлэж болох асуудлыг хэт дэврүүлсэн мэдээлэл Засгийн газарт ирүүлэх зэрэг алдаа дутагдал гаргаж байна. Шинэчлэлтийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Онцгой комиссоос дөрвөн удаа асуудал оруулсан. Ингэхдээ 816 сая төгрөг, дараагийн хурлаар нэг тэрбум 357 сая төгрөгийн хөрөнгийн ажлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл Орхон гэх мэт зарим аймгуудын тайлан өдий болтол гараагүй, гүйцэтгэлээ ирүүлээгүй байсаар байна. Одоооноос тус бүртээ хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Үүрэг даалгавар биелүүлээгүй нөхдүүдэд авах ёстой арга хэмжээг нь авахуулахаар холбогдох байгуулллагадад хандах болно.