
Мөн чанартаа тэдний маргалдаад байгаа асуудал нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд эцэслэгдэж, заримын хэлдгээр мухарлагджээ. Анхан шатны шүүхээс эхэлсэн маргаан хамгийн сүүлд Улсын Дээд шүүхэд нягтлагдаад шийдвэр эцсийн байдлаар баталгаажсан гэсэн үг. Тодотговол, УИХ-ын сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт хууль зөрчин сонгогчдод мөнгө, эд зүйл тарааж, сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан нь шүүхээр тогтоогдсон МАН-ын нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад зохих хариугаа авсан байна.
Шат шатны шүүх тэднийг хууль зөрчжээ гэдгийг тогтоож, шийдвэрээ гаргасан. Мэдээж энэ шийдвэр хууль зөрчигчдөд таалагдахгүй. Гэхдээ шүүх хэн нэгэнд таалагдахын тулд шийдвэр гаргадаггүй. Хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх, үүрэг шүүхийнх. Бас шүүхийн шийдвэрийг давж заалдаж дараагийн шатанд хянуулах эрх нь шүүхэд хандсан аль аль талд нээлттэй. МАН-ын нэр дэвшигчид зөвхөн шүүхээр яваагүй. Шүүхийн шийдвэрт үндэслэн АН-ын нэр дэвшигчдийн нэрийг өргөн мэдүүлсэн СЕХ-ны үйл ажиллагааг хууль бус хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан билээ. Цэц Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд ажиллажээ гэдэг хариуг гомдол гаргасан иргэн С.Чинзоригт өгсөн байдаг.
Тэгвэл Улсын Дээд шүүхээс Өвөрхангай аймгийн шүүх шат шатандаа маргааныг хэлэлцээд гаргасан шийдвэр эцсийнх гэдэг хариуг МАН-ынханд өгсөн байна. Энэ нь Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дууссан гэсэн үг. Хэдийгээр хууль зөрчсөн ч гэсэн ичсэн нэрэндээ МАН-ын хоёр нэр дэвшигч хэлээ хүрэх газар хэлж, хөлөө хүрэх газар явж маргаан үүсгэн гомдол гаргах эрхээ эдэллээ. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй учраас тэд шат шатны шүүх, Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Асуудлыг мухарлалаа.
Харин одоо эрхээ эдэлсэн юм чинь үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг болсныг эрхбиш ойлгож байгаа гэж найдна. Монгол Улс эрх зүйт нийгэмтэй, хуулиа хэрэгжүүлдэг төртэй болжээ гэдгийг баруун солгойгүй мөнгө цацаж байгаад их хуралд орж ирээд суучихдаг, суухыг санаархдаг МАН-ын бийлэгжүү залууст ойлгуулсан байх гэж итгэнэ. Хэрэв өмнөх парламентын гишүүд хоёр жил гаруй нухаж, бултаараа хэлэлцэж байж баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй бол…хэмээх хожимдсон ч гэсэн харамсал тэр хүмүүст үлдсэн байх гэж найдаж байна. Дараа дараагийн сонгуулиар миний, таны, бидний саналыг хэдхэн төгрөгөөр худалдаж авна гэх эндүүрэл, санаархалтай эрхмүүд нэг ч гарч ирэхгүй гэдэгт харин бат итгэлтэй байна. Хууль хэрэгжсэн учраас тэр.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
