Дөрвөөс арав руу шидэгдсэн Ц.Оюунбаатар

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Дөрвөөс арав руу шидэгдсэн Ц.Оюунбаатар

СЕХ-ноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авч, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д нэрийг нь албан ёсоор айлтган мэдүүлээд таван сарын нүүр үзсэн ч тангаргаа өргөж амжилгүй өдий хүрсэн эрхэм бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюунбаатар.

УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн долдугаар сарын 6-нд түүний нэрийг албан ёсоор дуудсан ч тэрбээр чуулганы танхимд байгаагүй. Түүний нэгэн адилаар О.Баасанхүү, Ц.Цолмон нар тэр өдөр тангараг өргөөгүй. Гэхдээ нөгөө хоёр нь нэг их удалгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлснээр барахгүй Ц.Цолмон МҮАН-ын нэр дээр байнгын хорооны дарга болчихоод МАХН-д орчихсон.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэдхэн хоногийн өмнө Ц.Оюунбаатарыг “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн болж УИХ-ын гишүүний тангараг өргөх эрхтэйг хэлсэн. Тэгвэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга У.Барсболд нарын зүгээс “Шударга ёс” эвслийн жагсаалтын нэг, зургаад нэр дэвшсэн Н.Энхбаяр, Э.Батшугар нарын аль нэгт 11 дэх гишүүний мандатаа хадгалж байгаа хэмээн удаа дараа мэдэгдэж байна. Харин Ц.Оюунбаатар бол жагсаалтын 10 дугаарт эрэмбэлэгдсэн. Тэгээд ч МАХН-ын гишүүн биш, нам бус хүн гэнэ.

Уг нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө гаргасан жагсаалтаар эвслийн эхний найман нэр дэвшигчийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү, гавьяат эдийн засагч Ч.Хурц, багш С.Авирмэд, Э.Батшугар гэсэн дарааллаар эрэмбэлээд байсан байна. Эндээс харвал эхний хувилбараар Ц.Оюунбаатар жагсаалтын дөрөвт, Э.Батшугар наймд бичигдсэн байжээ. Харин одоо түүнийг 10-т байсан хэмээн хойш шидэж “золигт” гаргаснаар Ц.Оюунбаатар УИХ-д орж ирэхгүй, УИХ-ын 76 дахь гишүүнээр Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэг тодрохгүй бол нэг мандат эзнээ ололгүй хэдий ч хугацаа өнгөрч мэдэхээр боллоо.

Түүний баталгаа нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд Ц.Оюунбаатараар тангараг өргүүлэхгүй хэмээн чуулганы хуралдаанд орж ирэхгүй байгаа явдал юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж