НҮБ-ын ДОХ/ХДХВ-тай тэмцэх хөтөлбөрийн (UNAIDS) илтгэлд өнгөрсөн оны сүүлчийн байдлаар дэлхийн хэмжээнд ДОХ-ын халдвар тээгч 34 сая хүн байна гэжээ. Халдварлах шинэ тохиолдлын давтамж буурсан нь сайн мэдээ болж байна. Өнгөрсөн жилд 2,5 сая хүн ДОХ-ын халдвар авсан нь 2001 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 хувиар буурчээ. Мөн ядуу гэгдэх 25 оронд ДОХ-ын халдвар 50 хувиар багассан байна.
Халдвар ийнхүү буурсан шалтгаан нь вирус тээгч эхээс төрсөн хүүхдэд халдварыг тараахгүйн тулд эмчилгээ хийх болсон нь онцгой үр дүн үзүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэв. "Үр дүн нь гайхалтай. Бид хурдацыг нэмэгдүүлж чадлаа. Өмнө нь 10 жилийн хугацаанд гүйцэтгэж байсан ажлаа одоо бид адилхан зардлаар хоёр жилийн дотор хийж байна" гэж UNAIDS-ийн Гүйцэтгэх захирал Мишель Сидибе (Michel Sidibe) онцлон тэмдэглэв.
Ретровирусийн эсрэг эмийг (ARV) одоо найман сая хүн хэрэглэж байгаа нь 2003 оныхоос 20 дахин их байна. Энэ өвчний улмаас нас барагчдын тоо 2005 оны 2,3 сая хүнээс 1,7 сая болтол буурчээ.
НҮБ-ын ДОХ/ХДХВ-тай тэмцэх хөтөлбөрийн (UNAIDS) нийтлүүлсэн илтгэл ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн өмнөхөн нийтлэгдсэн ба дээр хэвлэгдсэн тоонууд найдвар төрүүлж байгаа ч 2011 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн гаргасан ДОХ/ХДХВ-ийн улс төрийн тунхаглалын зорилтыг бүрэн биелүүлэхийн төлөө хүч чадлаа сулруулалгүй дайчлан ажиллахыг уриалжээ.
Уг тунхаглалд тухайлбал, эмийн эмчилгээнд хамрагдагсдын тоог 2015 он гэхэд 15 саяд хүргэх, бэлгийн замаар ДОХ-ын халдвар авагчдын тоог 50 хувиар бууруулах, эхээс хүүхдэд дамжих вирусийн халдварыг бүрэн устгах зэрэг зорилтууд тусгагджээ.