Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг өмнө нь шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуултай пуужинг арванхоёрдугаар сарын 10-22-ны хооронд хөөргөх төлөвлөгөөтэй гэж Пхеньянаас дамжуулсан байв. Олон улсын хамтын нийгэмлэг үнэн хэрэгтээ БНАСАУ-ын сансрын хөтөлбөр нь далдалсан баллистик пуужингийн туршилт гэж сэжиглэж байгаа юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард Сохэ туршилтын талбайгаас "Ынха-3" зөөгч пуужинг "Кванмёнсон-3" хиймэл дагуултай хөөргөсөн ч амжилтгүй болсон билээ. Тэр үед олон орнууд пуужин хөөргөх үйл явцыг буруутгаж байсан юм.
АНУ-ын зүгээс баллистик пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэжээ.
"Бүх тогтоолын дагуу Хойд Солонгос өөрийн үүргээ биелүүлэх ёстой хэмээн бид уриалж байна. Ядуухан хөрөнгийн нөөцийг цөмийн зэвсэг, алс тусгалын пуужинг бүтээхэд чиглүүлэх нь Хойд Солонгосыг улам тусгаарлаж, ард түмнийг улам ядууруулна. БНАСАУ-ын хүмүүст аюулгүй байдлыг авчрах зам нь ард иргэддээ хөрөнгө оруулалт хийх, мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд оршино. Бид зургаан талт хэлэлцээрийн түншүүд болон холбоотон орнуудтайгаа зөвлөлдөн цаашид ямар арга хэмжээ авах талаар тасралтгүй ярилцаж байна” хэмээн Нуланд тэмдэглэжээ.
2003 онд эхэлсэн боловч 2008 оны сүүлчээр бараг зогсоод байгаа зургаан талт хэлэлцээрийн оролцогсод нь БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Япон болно. Хойд Солонгос албан ёсны мэдэгдлүүддээ улс орны улс төрийн бүтцийг эвдлэн сүйтгэх гэж байна хэмээн АНУ-ыг тогтмол буруутгаж иржээ.