Хуулийг одоо Конгрессийн Сенатын танхим батлах ёстой. Гэхдээ энэ онд хараахан амжихгүй бололтой. Учир нь ирэх оны төсвийн төслийг батлах ажил Сенатынхан яаравчилж буй юм.
АНУ-ын цагаачлалын бодлогыг өөрчлөх асуудал Конгрессийн хувьд ирэх оны чухал асуудлын нэг байх юм.
Бүгд найрамдах намын сенаторууд болох Жон Кайл, Кэй Бэйли Хатчисон нар хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд үүнд цагаачлалын асуудлыг хэрхэн шийдэх талаар дараах арга хэмжээ авна гэжээ. Үүнд, бүх насаараа АНУ-д амьдарсан хууль бус цагаачийн хүүхэд тус орны нутаг дэвсгэрт байнга амьдрах “ногоон карт” гэсэн эрхийг авна. Гэхдээ иргэн болохгүй.
Эхлээд тэд сургуульд сурах, армид алба хаах зөвшөөрөл авна. Дээд боловсрол эзэмшсэний дараа эсвэл дөрвөн жил цэргийн алба хаасны дараа тэд ажлын виз авцгаах гэнэ. Дараа нь ногоон карт авах өргөдлөө гаргах ажээ.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн зургадугаар сард хүүхэд ахуй цагтаа АНУ-д ирсэн цагаачдад зориулсан хуулийг зөөллөх шийдвэр гаргасан юм. Тэднийг АНУ-д үлдэхийг зөвшөөрөх тухай таван заалт бий. Тодруулбал, тус улсад 16 нас хүрээгүй байдаа орж ирсэн; тасралтгүй таван жил амьдарч байгаа; сурагч эсвэл сургууль төгссөн гэрчилгээтэй; цэргийн алба хаасан бэлтгэл цэрэг; гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй зэрэг хамрагдах бөгөөд тэдний нас нь 30-аас дээшгүй байна.
Энэ хөнгөлөлт бараг 800 мянган хүнд хамаарах юм. Тэд голдуу Латин Америк, Мексикийн цагаачид ажээ. Тэдэнд эхлээд хоёр жил ажиллах эрх олгоод дараа нь зөвшөөрлийг сунгаж өгөх гэнэ. Шууд тус орны иргэн болоод визгүйгээр дэлхий даяар аялна гэсэн үг биш. Ерөнхийлөгч Барак Обама үүнийг түр зуурын бэрхшээл гээд Конгресст хандан тийм хүмүүсийн эрхийг хуульчилж өгөхийг уриалж байжээ.