![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/2/cb4212d150f82282/5055bf74cc6d5a64big.jpg)
Б.Тэмүүлэнгийн тухайд -100 кг-д “С” хэсэгт сугалаа таарчээ. Ингээд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Дайки Танийг вазари үнэлгээгээр, улмаар Германы бөх Дино Пфайферийг юүко үнэлгээгээр ялж, медалийн болзол хангасан. Улмаар медалийн өнгөө хувиргахаар Японы тамирчин Дайсүкэ Кобаяашитай барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо.
Өнөөдөр Токиогийн татамид барилдсан Монголын бусад жүдочдын хувьд Б.Төгөлдөр эхний тойрогт хийлж, улмаар Бразилийн Рафаэл Силвад ялагдсан бол Ф.Мөнхсүх эхний тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Сослан Бостановт дийлдсэн байна. Харин -78 кг-д М.Ууганжаргал эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт дэвжээний эзэн орны тамирчин Рүика Сатод ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Ийнхүү Монголын жүдочид Токиогийн “Их дуулга”-д 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалийн эзэн болсон билээ.