АНУ ба Өмнөд Солонгосын шинжээчдийн дээрх дүгнэлтийн талаар Японы хэвлэлд өнгөрсөн баасан гаригт мэдээлэв.
Хиймэл дагуулаас туршилтын талбайг авсан гэрэл зурагт үндэслэн, Жон Хопкинсийн нэрэмжит олон улсын дэвшилтэт судалгааны сургуулийн дэргэдэх Америк-Солонгосын хүрээлэнгийн мэргэжилтнүүд гурван шаттай пуужингийн хоёрыг нь пуужин хөөргөх талбайд авчирсныг тогтоосон гэнэ. Хөөргөх талбайн өргөгч цамхгийн байрлал өөрчлөгдсөн нь пуужинг удахгүй хөөргөх болсныг илтгэж байгаа гэж тэд үзэж байна. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр цаг агаар тогтвортой байвал пуужинг ирэх долоо хоногийн сүүлээр хөөргөх бололтой.
БНАСАУ баллистик пуужин хөөргөж магадгүй талаар анх Японы “Асахи” сонинд өнгөрөгч мягмар гаригт мэдээлсэн юм. Үүнээс өмнө Пхеньян пуужингийн хөдөлгүүрийг туршиж байгаа тухай мэдээ гарч байв.
Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард Сохэ туршилтын талбайгаас “Ынха-3” нэртэй зөөгч пуужинг “Кванмёнсон-3” гэх хиймэл дагуулын хамт хөөргөсөн ч амжилтгүй болсон билээ.