Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн хэлсэн үгэндээ “Залуу зураач Б.Отгонтүвдэнгийн бүтээлээс та бүхэн Монголын сайхан орны үзэсгэлэнт байгаль, монгол түмний түүх, соёл, зан үйлтэй танилцаж, улмаар монгол орчинд тухлан саатаж, сэтгэл тань уяран баясана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Монгол Улсад авьяаслаг, ирээдүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлч бэлтгэж өгсөн Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит академийн багш, профессорууд болон Б.Отгонтүвдэнгийн бүтээл, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлжээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Москва, Санкт-Петербург хотын урлагийн тэргүүлэх академуудад суралцаж байгаа монгол оюутнуудын ардын дуу, хөгжим, бүжгийн бичил тоглолт болсныг москюачууд таалан сонирхжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, соёл, урлаг, олон нийтийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид, Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байна.
Зураач Бадамын Отгонтүвдэн нь ОХУ-ын Воронеж хотын Урлагийн улсын академид 2004 оноос суралцаж, 2008 оноос Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын улсын академид уригдан суралцаж энэ 2012 онд төгсчээ.
Б.Отгонтүвдэн академид суралцаж байх хугацаандаа Москва, Санкт-Петербург, Воронеж зэрэг хотуудад зохион байгуулсан 10 гаруй үзэсгэлэнд оролцож, уран бүтээлийнхээ бие даасан үзэсгэлэнг Санкт-Петербург хотод хоёр удаа, мөн Улаанбаатар хотод гаргаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн юм байна.