“Болор цом”-ын бүртгэл маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

“Болор цом”-ын бүртгэл маргааш эхэлнэ

Яруу найргийн “Болор цом” наадмын бүртгэл арванхоёрдугаар сарын 3 буюу маргаашнаас эхлэх гэж байна. 1983 оноос тасралтгүй зохион байгуулж буй тус наадам энэ жил 30 насны босго алхаж буй. Өнгөрсөн жил Архангайд, түүний өмнө Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Болор цом” энэ жил Улаанбаатар хотноо болох ажээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн “Болор цом” наадамд яруу найрагч Д.Болдхуяг “Монгол хэл” шүлгээрээ цомын эзнээр тодорч байв. Түүний “Монгол хэл” шүлгийг сонирхуулж байна.

Монгол хэл

Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ

Дашрамд дуулгахад, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-өд 2012” наадмын бүртгэл Монголын зохиолчдын эвлэлийн хороонд эхлээд байна. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиолыг тус тус шалгаруулах бөгөөд бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж