Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг ҮАБЗ-ийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт буруутгагдсан юм.
Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг албан тушаалаар хүлээсэн албаны эрх мэдлээ үл хэрэгжүүлэн бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд, Г.Ганбаатарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандаж хүнд хор уршиг буй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг тус бүр 6 жил 6 сар, О.Зоригтыг 5 жил 6 сар, Г.Ганбаатарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн билээ.
Харин Г.Ганбаатарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг өршөөж, Ч.Амарболд, Ш.Батсүх нарт тус бүрт оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялыг тус бүрт 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Зоригтод оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосон юм.
Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар гурвуулаа чихрийн шижинтэй. Мөн хоригдох хугацаандаа Ч.Амарболд, О.Зоригт нар нь хагалгаанд орж байсан билээ. Ийнхүү хошууч генерал, хурандаа нар гурван шатны шүүхээс ял сонсож, хорих ангид хуваарилагджээ.
Эх сурвалж: www.24tsag.mn