Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Америкийн “Time” сэтгүүлийн онлайн асуулгад тэргүүлж байна. Санал асуулгын эцсийн дүнд энэ алдартай сэтгүүлийн “Оны хүн” тодрох юм.
Өдгөө Ким Чен Ун уншигч, хэрэглэгчдээс авсан саналын тоогоор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Сирийн лидер Башар аль-Ассад, дэлхийн урлагийн ертөнцийн шинэ од, БНСУ-ын реппер PSY нарыг хол давжээ.
“Time” сэтгүүл өнгөрч буй 2012 оны шилдэг хүнийг арванхоёрдугаар сарын 14-нд тодруулна. Харин уншигчдын саналыг 12-ныг дуустал хүлээн авах ажээ.
Одоогоор Ким Чен Ун 1,5 сая гаруй санал аваад байгаа бол АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Обама дөнгөж 60 мянга гаруй хүний санал авчээ. Залуу Кимийн араас Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси 343 мянган саналтай удаалж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ким Чен Ир таалал төгсч, Ким Чен Ун эцгийнхээ залгамж халааг үргэлжлүүлэхээр БНАСАУ-ын лидер болсон билээ. Хэдийгээр тус улсын нөхцөл байдал, хөгжилд эрс өөрчлөлт гаргаагүй ч театрын тайзнаа богино юбкатай дуучин харагдах болж, залуу лидер дэгжин, ганган хувцасласан эхнэрийн хамт олны өмнө үзэгдэх болсныг бараг бүх утгаар хаалттай гэж тодорхойлж болох энэ улсын хувьд бас нэг том алхам гэж болох юм.