Хөрөнгийн урсгалыг дотооддоо аргамжъя

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн урсгалыг дотооддоо аргамжъя

Монголын эдийн засагт мөнгөөр бороо цутгасан ч ган арилж, газар дэлхий ногоорсонгүй. Урьдын л хөрөнгө мөнгөний хомсдолтой хэвээр. Эдийн засаг 17 хувиар өсөж дэлхийг алмайруулсан ч иргэдийн амьжиргааны түвшин төдийлэн сайжирсангүй. Ажилгүйдлийн түвшин ч  буурсангүй. Ядуурлын түвшин ялимгүй буурсан тоон үзүүлэлт гарсан ч бодит амьдрал дээр Улаанбаатар хотод гурван хүний нэг нь ядуу хэвээр байна. Дундаж давхарга бэхжиж, иргэдийн нуруун дээрх ачаа багассангүй. Нэг үгээр хэлбэл, эдийн засаг өсөж, хөрөнгийн урсгал Монгол руу чиглэсэн ч бодит өсөлт нүдэнд харагдаж, гарт баригдсангүй. Аадар бороо ган тайлдаггүй гэдгийн адил эдийн засагт буй их мөнгөний урсгал олзуурхах зүйл биш, зовлон болж байна. Монгол улс олсон жаахан орлогоо үрсээр сууна. Үүний нэг  жишээ нь гадаад худалдааны алдагдал юм. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Нэг орноос худалдан авах бараа, бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална. Түүхий эд, бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” хэмээн Гадаад худалдааны бодлогыг заасан байдаг.

Манай улсын урсгал дансны алдагдал 3.1 тэрбум ам.долларт хүрээд байгааг Дэлхийн банкнаас өнгөрсөн сард гаргасан эдийн засгийн тоймд онцолжээ. Бараа болон үйлчилгээний алдагдал түүхэнд байгаагүй хэмжээнд хүрээд байгаа нь энэ. Уг нь эдийн засагт уул уурхайн салбар гаднын хөрөнгө оруулалтыг “юүлж” буй боловч урт хугацаандаа алдагдал тэлсээр. Хоног хугацаа өнгөрөх бүрийд алдагдал ихсэж, орлого хумигдсаар. Одоогийн байдлаар урсгал дансны алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөж, балансаа тэнцвэржүүлж яваа аж. Энэ нь алдагдалгүй гэсэн үг биш юм. Экспортын орлого саарч буй өнөө үед импортын хэрэглээг хэт дэмжсэн тохиолдолд эдийн засаг тамираа барах эрсдэлтэйг СЭЗДС-ийн профессор Ц.Батсүх тайлбарлалаа. Тэрбээр “Хүлээгдэж буй их хэмжээний хөрөнгийн урсгал болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүдээс үүдэлтэй Монгол улсын “Голланд өвчин”-д нэрвэгдэх эрсдэлийн үнэлгээ” сэдэвт бодлогын судалгааг салбарынхандаа танилцуулсан юм. Тус судалгаанд үндэслэн эдийн засгийн өнөөгийн байдлыг өгүүлье. Мэдээж  гадаад худалдааны алдагдал 100 хувь алга болохгүй. Гэхдээ зохистой хэмжээнд хадгалж, эдийн засгийн тэнцвэртэй байдлаа хадгалж үлдэхгүй бол Монголын эдийн засаг импортоос улам бүр хамааралтай болж буйг бодлогын судалгаа нотолж байна. Товчхондоо, импортын хэрэглээг зохистой хэмжээнд хадгалж, үндэсний үйлдвэрлэлээ дотоодын хэрэглээгээр дэмжих цаг болжээ.

“Бат суурьтай эдийн засгийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн том суурьтай эдийн засагтай байх ёстой. Ямар ч нөхцөлд хөдөлгөөн багатай, бодит агуулгатай, тогтсон тодорхой бодлоготой байснаар урт хугацаандаа  эдийн засаг тогтвортой хөгжинө. Тиймээс тодорхой хэмжээний үйлдвэржилт явуулах хэрэгтэй. Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө энэ зүгт чиглүүлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар Монголын эдийн засагт   “Голланд өвчин”-ий ерөнхий шинж бүрдээд байна. Эдийн засгийн бүх нөөц зөвхөн уул уурхайн салбарт шингэж байна” хэмээн Батсүх багш хэлсэн. Түүний хэлснээр манайд боловсруулах үйлдвэрийн салбар хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр шахагдаж буй аж. Нэгдүгээрт, өнөөдөр зөвхөн уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт шууд шилжиж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн гадаад зах зээлтэй өрсөлдөж чадахгүй, импортын бараанд шахагдах болсон гэв.

АРГАГҮЙ БАЙДЛААС ХЭРХЭН МУЛТРАХ ВЭ

Манайх байгалийн баялаг ихтэй, жижиг мөртлөө нээлттэй эдийн засаг. Хэн ч хөрөнгө оруулж болох эрх зүйн болон эдийн засгийн эрх чөлөөт талбар.  Гэхдээ мэргэжлийн хүний тайлбарласнаар манай эдийн засаг худалдаалагддаг, худалдаалагддаггүй буюу зөөвөрлөгдөхгүй, уул уурхай гэсэн гурван салбараас бүрдэх аж. Зөөвөрлөгдөхгүй салбарт барилга, газар, үйлчилгээ багтдаг. Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг худалдаалагддаггүй салбарт  нэмэгдүүлснээр эдийн засагт илүү их үр ашиг бий болох гэнэ. Мөн төсвийн зарцуулалтаар импортыг дэмжсэнээр  төгрөгийн ханшийн чангаралт болон худалдаалагддаг салбарын үйлдвэрлэлийн бууралт багасна гэж судалгаанд тооцжээ.

Төрөөс дотоодод худалдаалагдах салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгаа хамгаалах эрэлт хэрэгцээ үүсээд эхэлснийг бодлогын судалгаанд тэмдэглэжээ.  Өөрөөр хэлбэл, импортын арганд орохгүйн  тулд дотоодын үйлдвэрлэлийг өөд нь татах шаардлагатай байгааг бодлогын судалгаа боловсруулсан Ц.Батсүх багш тайлбарласан юм. Энэ нь уул уурхайн орлогоос   үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө шилжүүлэх.

“Энгийнээр тайлбарлахад бид түүхий эд л үйлдвэрлэж экспортолдог, гэтэл машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн, удаан эдэлгээтэй бараа, хүнс, хувцас, хэрэглээний бусад бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж чадахгүйгээс шалтгаалан гадаад худалдааны алдагдал өссөөр байгааг Төвбанкны ерөнхий эдийн засагч С.Болд хэлсэн.

ХУДАЛДАХ, ЭС ХУДАЛДАХ

Манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунжаар есөн хувиар өсчээ. Энэхүү эдийн засгийн огцом өсөлт, гадаад худалдааны эргэлтийн дүнд ашгаас гадна алдагдал “үйлдвэрлэсээр”. Ойрын хоёр жилд манай улсын эдийн засаг дунджаар 15 хувиар өсөхөөр байгаа боловч хөрөнгийн урсгал олз болохын зэрэгцээ гай ч болж мэдэх нь. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарын шууд хөрөнгө оруулалт  83.4 хувь болтлоо нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд амжилт боловч эрсдэл. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг ганцхан далавчтай болж байна гэсэн үг. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болохыг цаг үе, амьдрал аль аль нь алхам тутамд шаардсаар. Төрөлжиж чадаагүй эдийн засагт үлэмж орлого тогтохгүй гэж үздэг. Тэгвэл уул уурхайн салбар хэчнээн амжилттай хөгжсөн ч тогтвортой хөгжил биднээс алс хол. Тиймээс өөрийн гэсэн эдийн засгийн  “вант” улс байгуулахын төлөө Засгийн газар мэрийх цаг иржээ. Уул уурхайг тойрсон их мөнгөний хаялага зөвхөн тус салбар, түүнийг хүрээлсэн бичил зах зээлийг услахад хязгаарлагдаж байгаа нь учир дутагдалтай хөгжил болохыг бодлогын судалгаанд өгүүлсэн.

Тухайлбал, уул уурхайн салбарын дундаж цалин 2005 оноос эхлэн өндөр болж эхэлсэн нь бусад салбарт хүндрэл учруулж, цалингийн өсөлтийг дагасан хөдөлмөрийн шилжилтийг ихэсгэжээ. Энэхүү “оюуны дайжилт” нь цаашид ч өсөх магадлалтай байгааг тус судалгаанд анхааруулсан.

Өнгөрсөн хугацаанд гаднын хөрөнгө оруулалт өссөн нь үргэлж мөнгөний гачаалтай эдийн засагт гэнэтийн өөрчлөлт болсныг ч онцолсон байна. Энэхүү өөрчлөлтийн дүнд байгалийн баялгийн салбарын үйлдвэрлэлд огцом эргэлт гарч, худалдаалагддаггүй салбарын цалин болон хөдөлмөрийн эрэлт сайжиржээ.  Үүнээс үүдэн худалдаалагддаггүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн дүнтэй гарчээ. Тухайлбал, барилгын салбарыг нэрлэж болно. Харин аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасаж, төгрөгийн бодит ханш чангарснаар худалдаалагддаг салбарын үйлдвэрлэл буурчээ.

Европын өрийн хямрал хүндэрч, дэлхийн эдийн засаг уналтад орвол манай эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгийн урсгалаар дамжин өртөх эрсдэл өндөр байгааг бодлогын судалгаанд тодорхойлжээ. Тухайлбал, муугаар бодоход л манай экспортын барааны үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурч, экспортын орлого зогсонги байдалд орох тохиолдолд гадаад валютын цэвэр албан нөөц нь 4.3 сарын импортын хэрэгцээг л хангахаар байна.

Тиймээс уул уурхайн салбараас орох орлогоор сан байгуулж, түүгээрээ хөрөнгө оруулах нь  “Голланд өвчнөөс” урьдчилан сэргийлэх шалгарсан арга  гэж Монголбанкнаас үзсэн юм. Эдийн засгийн өсөлт нэг хувиар буурахад л ядуурлын түвшин 2.7 нэгж хувиар өсөх буюу 73 мянган иргэн ядуурлын ангилалд шилжих тооцоо бий.  Тэгвэл эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж үлдэхийн тулд хөрөнгийн урсгалыг дотооддоо аргамжих шаардлагатай  болж байна.

Б.БАЯРТОГТОХ
Зохиогчийн эрх: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж