Энэ жилийн “Алтан намар” хөгжмийн наадмаар залуу уран бүтээлчид тухайлбал, ХБК-ийн зохиомжийн мэргэжлийн IV курсын оюутан Ц.Сэр-Од I симфони, II курсын оюутан У.Одонтунгалаг хуучир, төгөлдөр хуурын сонат зэрэг дан хөгжмийн томоохон төрлөөр авьяас билгээ сорьж, мэргэжлийн хүмүүст үнэлүүлсэн явдал өмнөх наадмуудаас ялгаатай байсныг цохон тэмдэглэж байна. Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн дотроос хуучир хөгжимд зориулсан бүтээл маш ховор болсон өнөө цагт У.Одонтунгалагийн хуучир, төгөлдөр хуурын соната төрөн гарсан нь ололт гэж үзэж болох юм.
Тус сонат нь цуврал хоёр ангиас бүрдсэн бүтээл бөгөөд I анги нь ля минорт сонатын хэлбэрээр бичигдсэн. Нэгдүгээр анги нь их секундээр зааглагдсан хоёр цэвэр квартаас бүрдэх аккорд шууд fff дуурьсан (maestoso) квинт, квартаар өгсөн гуравдугаар октавын си хүрч буй төгөлдөр хуурын богинохон оршил хөгжмөөр эхэлдэг. Сонатын хурд нь Allegro болон өөрчлөгдөж хуурын татлагыг санагдуулах өвөрмөц нэгэн аялгуу эгшиглэдэг нь уг зохиолын гол ая юм. Гол сэдэв ая нь I октаваас аажмаар дээш өгссөөр хоёрдугаар октавын ля хүрч туслах ая эгшиглэх регистрийг бэлдэж өгдөг.
Өргөн тэнүүн уянгын шинж төрхтэй туслах сэдэв ая доминантын дэвсгэр хөг болох ми минорт бичигдсэн. Энэхүү сонатын хэлбэрийн үндсэн хоёр сэдэв ая бүх талаараа ялгарамжтай. Жишээлбэл, гол ая нь нэгдүгээр октаваас секунд, терцээр дараалсан форшлаг бүхий аялга аажмаар арван зургаатын хэмнэлээр дээшээ өгсч, эрмэлзэл тэмүүллийг илэрхийлдэг бол, туслах ая нь дээд регистрээс эхэлсэн аялгуу уруудах хандлагатай, хол зайт үсрэлттэй, урт тэнүүн хэмнэлтэй, тогтуун тайван аялгуу туслах дэвсгэр хөгт эгшиглэдэг байна. Туслах аяын тулгуур эгшгүүд үргэлж тоникийн тогтвортой эгшгүүд байгаа нь, мөн холын зайтай үсрэлтүүд тогтвортой эгшгийн хооронд байрласан зэрэг нь уг хөгжмийн тогтвортой бөгөөд дуулалт тэнүүн шинж төрхийг тодруулж өгснөөрөө онцлог юм.
Зохиол өрнөл хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь гол аяын форшлаг бүхий аялга, арван зургаатын хэмнэлтэй секунд, терцийн аялгыг холын үсрэлтээр баяжуулан хөгжүүлж (фа диез минор) улмаар кварт, квинтээр уруудан, өгсөх давалгаалсан хөдөлгөөн зэрэг нь модерн маягийн өвөрмөц шинэ дуурьслыг бүтээдэг.
Харин өрнөлийн хоёрдугаар хэсэгт гол ба туслах ая бүтнээрээ дуурьсах боловч өвөрмөц уран сайхны аргаар боловсруулан хийснээрээ онцлог. Хуучрын хувь нь туслах аяын хэмнэлийг богиносгох, төгөлдөр хуурын баруун гар гол аяын секундын форшлагийн давталтыг хасах замаар хоёр айзам аялгуу нэг айзам болгон уртын хэмжээг хоёр дахин богиносгож контрапунктээр нэгэн зэрэг эгшиглэдэг. Гэхдээ гол ба туслах ая тасралтгүй үргэлжлэх бус айзмуудын хооронд арван зургаатын хэмнэлтэй гол аяын аялгыг оруулснаар завсарлага аван үргэлжилж байгаагаар уг хоёр сэдэв ая бүтнээрээ дуурьсдаг. Гол аяын арван зургаатын хэмнэлтэй аялга, төгөлдөр хуур дээр эгшиглэж буй гол аяын үргэлжлэл бус харин хуучирт дуурьсаж байгаа туслах аяын үргэлжлэл болсон нь нэг талаас туслах сэдэв аяын хоёр айзмыг холбогч үүрэг гүйцэтгэж байгаа мэт янз бүрийн сэтгэгдэл төрүүлэх нь сонирхол татна.
Хуучир болон төгөлдөр хуурын баруун гар I октавын ре бемоль өнгөнөөс их секундээр өгсөхөд төгөлдөр хуурын зүүн гар мөн нэгдүгээр октавын до диез (рe бемоль) өнгөнөөс их секундээр уруудан III ба их октавыг хамарсан өргөн царааг бий болгосон орон зайг гуравдугаар октавын ля бeмолиос эхлэх кварт, квинтийн уруудан өгсөх давалгаан хөдөлгөөнөөр хуучир нөхөж өгдөг байна (өрнөлийн хоёрдугаар хэсэгт байсан).
Тус цуврал зохиолын хоёрдугаар анги нь соль минорт Andante хурдтай, энгийн гурван ангит хэлбэрээр бичигдэж, төгөлдөр хуурын оршил хөгжмөөр эхэлдэг. Хуучир хөгжим дээр эгшиглэх үндсэн сэдэв ая нь маш яруу, дуусаг шинж төрхтэй. Ялангуяа секст, септимийн уруудсан үсрэлтүүд аялгууг улам тансаг, өвөрмөц болгож өгснөөрөө өвөрмөц юм, Уг сэдэв аяыг бүтнээр нь төгөлдөр хуур октав дээр давтан дуурьсах мөчид хуучир нь шинэ аялгуугаар нэгэн зэрэг хөгжимдөн (контрапунктээр) дуурьслыг шинэлэг өнгө аясаар баяжуулан өгдөг байна.
Харин дунд анги (piu mosso) захын ангийг бодвол арай хөдөлгөөнтэй шинж төрхтэй болсныг триолийн хэмнэл бүхий давалгааг санагдуулах төгөлдөр хуурын хамсраа хөгжим ба хуучрын триолийн секвенци зэргээс анзаарч болох юм. Давтал ангидаа (реприза) эхний үндсэн сэдэв аяыг октав дээр хуучир, төгөлдөр хуур нэгэн зэрэг давтан эгшиглэж байгаа нь (өмнө II ангийн I ангид байсан хуучрын шинэ аялгууг энэ удаад орхидуулсан) түүний яруу тансаг шинжийг улам тодотгож, хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татна.
Хэдийгээр оюутны гараас төрсөн бүтээл боловч бусдад (хөгжмийн зохиолчдод) нэгийг бодуулсан, үлгэр дуурайл болохуйц сонирхолтой зохиол болсныг дараах байдлаар дүгнэж байна.
1. Аливаа дан хөгжмийн төрөл өөрийн мөн чанарыг тусгасан тодорхой хөгжмийн хэлбэрээр илэрхийлэгдсэн тохиолдолд тухайн төрлийн нэрийг зүүх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, сонатын хэлбэрээр бичигдсэн гоцлол хөгжмийг соната, найрал хөгжмийг симфони гэж тус тус нэрлэдэг. Энэ утгаар уг зохиол нь сэдвийн болоод дэвсгэр хөгийн хувьд ялгарамжтай хоёр үндсэн сэдэв аян дээр (гол ба туслах ая) үндэслэгдсэн сонатын хэлбэрээр бичигдэхийн зэрэгцээ өрнөл бүлгийг мөн өвөрмөцөөр уран сайхны боловсруулалт хийж зохиомжилсноор онцлог.
2. Өмнө нь хуучир хөгжмийн хамгийн дээд нарийн өнгө нь III октавын соль хүрч байсан бол ( Б.Мөнхбөлдын хуучрын концeрт ) тус сонатын дээд өнгийг III октавын ля-д хүргэснээр дуурьслын царааг тэлж өгсөн.
3. Хөгжимчнөөс ур чадвар шаардсан тeхникийн хэсгүүдийг (ялангуяa өрнөл бүлгийг) хурдан темпeнд тоглоход эвтэйхэн байхаар хийснээр барахгүй дуурьслыг нь бүрэн гүйцэд, нээлттэй, тод (өмнө нь гуншиндуу, шархирсан гэмээр байсан) эгшиглэхээр хийсэн нь хөгжимчдийн ур чадварыг хөгжүүлэх, тоглох арга зүйг шинэ шатанд гаргах эрмэлзэл юм. Шинийг эрэлхийлсэн энэхүү эрэл хайгуул, ололт амжилт нь У.Одонтунгалаг 2006 онд Шанхайн Хөгжмийн дээд сургуулийг төгссөн, хуучрын мэргэжлээр, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн шилдэг хөгжимчин болсон, ХБК-ийн хуучрын мэргэжлийн багшаар ажилладаг зэрэгтэй холбоотой байж болох юм.
Оюутан-хөгжмийн зохиолчийн анхны бүтээлийн тухай бичсэн энэхүү бяцхан өгүүлэл нэг талаас ахадсан юм шиг санагдах боловч, нөгөө талаас анхны гараанаас эхлэн үнэхээрийн шинэ зүйлийг итгэл үнэмшилтэй бүтээхийн төлөө зорилго тавьсаныг бодоход багадаж мэдэхээр байгааг нуух юун.
Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин