Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо үргэлжилж буй жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээний хоёр дахь өдөр Монголын тамирчдаас Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны чансаа өндөр тус тэмцээнд Монголын 10 тамирчин оролцож буй. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас Ч.Болдбаатар, Д.Амартүвшин /хоёул 60 кг/, Д.Алтансүх /66 кг/ нар барилдсан. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 ба 70 кг-ын жинд аваргууд тодорлоо.

Энэ өдөр Монголын жүдочдоос Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өгсч 73 кг-д, мөн Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир мөн жин ахиж 81 кг-ын жинд зодоглов. Түүний хамт Н.Дагвасүрэн 81 кг-ын жинд хүч сорилоо.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд “С” хэсэгт сугалаа татсан. Түүний жинд нийт 26 жүдоч өрсөлдсөн бөгөөд Х.Цагаанбаатар эхний тойрогт БНСУ-ын тамирчин Чун Чул Минтэй барилдаж юүко үнэлгээгээр ялсан. Дараагийн тойрогт Японы жүдоч Ясухиро Аваног цэвэр ялж, медалийн төлөөх барилдаанд Бельгийн Дирк Ван Тичелтийг мөн цэвэр ялав. Ингээд мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Оно Шохейтэй хүч үзэж, ялагдсанаар хүрэл медаль дээр буужээ. Тус жинд зохион байгуулагч Японы жүдочид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Х.Цагаанбаатар ийнхүү Токиогийн "Их дуулга"-аас дөрөв дэх медалиа хүртэж, Монголын жүдочдын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмлээ. Тэрбээр өмнө нь 2007, 2008 болон 2011 онд тус тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан юм. Өмнө нь "Кано Кап" буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрээр зохион байгуулдаг байсан тус тэмцээнээс Гавьяат тамирчин Д.Баттулга мөнгө, хүрэл, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медалийн эзэн болж байжээ. 

Харин Лондонгийн олимпиос хойш анхны тэмцээндээ зодоглосон Гавьяат тамирчин С.Ням-Очир эхний тойрогт БНСУ-ын тамирчин Хун Сүк-Вооныг вазари, юүко үнэлгээгээр ялсан ч удаахь барилдаандаа Бразилийн жүдоч Виктор Панелберт цаг дуусах мөчид цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Мөн 81 кг-ын жинд барилдсан Н.Дагвасүрэн эхний тойрогт Узбекистаны бөх Шухратжон Арслановт цэвэр ялагджээ.

Маргааш тэмцээний үлдсэн жингийн барилдаанууд болно. Монголын жүдочдоос -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-ын жинд Б.Төгөлдөр, Ф.Мөнхсүх, эмэгтэйчүүдийн -78 кг-д М.Ууганжаргал нар зодоглоно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж