Баянзүрх дүүрэгт дулааны станц барина

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт дулааны станц барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа. Дулааны станцын байршил газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцөлийг судалж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд, М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо.    Хотын зүүн талд  дулааны үүсгүүртэй болсноор сүлжээний горим, ажиллагаа сайжирч, дулаан хангамжийн чанар дээшилж, 20 мянга гаруй айл өрхийн орон сууцны дулааныг хангах боломжтой гэж үзэж байна.

ПРОТЕЗ, ОРТОПЕД БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН НЭР ТӨРӨЛ,
ЖИШИГ ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 2 жилд 1 удаа, 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 3 жилд, ахмад настанд 5 жилд 1 удаа протез, ортопедийн үнийг нөхөн олгодог хууль бий. Энэ дагуу нийгмийн халамжийн сангаас 2011 онд ийм хөнгөлөлтөд 6,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Энэ зардал 2009 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөнгөлөлт олгодог протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Одоо мөрдөж буй протез, ортопедийн жагсаалтад 53 төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан байдаг бол шинэчлэгдсэн жагсаалтад 27 төрлийн тусгай хэрэгсэл нэмж орууллаа. Шинээр нэмэгдэж байгаа хэрэгслийн 50 хувь буюу 13 нь тархины саажилттай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэгслүүд байна.

Жагсаалтад багтсан эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг шинэчлэн тогтоож 0,2-3 дахин нэмэгдүүлснээр нийгмийн халамжийн сангаас олгох мөнгө 2,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлэн байршуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг төвлөрүүлэн нэгтгэх, ингэснээр иргэд болон нийгэмд төрийн үйлчилгээний хүнд суртал багасч, шуурхай, найдвартай, тасралтгүй, ил тод болж, цахим засаглал хэрэгжих суурь бий болно гэж үзэж байна. Энэ шийдвэртэй холбогдуулан улсын бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, хадгалах журмыг боловсруулж зохих журмын дагуу батлуулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ:

  • 2013 оны 04 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурал болон тус хуралтай холбогдуулан болох чуулга уулзалтуудад бэлтгэж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Архи, согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох, зээлийн баталгаа гаргах нь зүйтэй гэж үзлээ.

  • Академич Х.Намсрайн “Бодисын тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан”-ы шагнал олгоно.

  • Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж