Хан-Уул дүүргийн долоон хэсгийн хороонд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ. Тус дүүргийн Сонгуулийн хорооноос авсан 14.00 цагийн байдлаарх нэгтгэсэн мэдээллээр нийт санал хураалтад оролцсон сонгогчийн ирц 18 хувь буюу 2000 гаруй сонгогч саналаа өгөөд буй аж. Амралтын өдөр дахин сонгуулийг зохион байгуулж байгаа нь иргэдийн хувьд саналаа өгөхөд нь дөхөм болж байгаа. Гэхдээ энэ нь тайвширч сууна гэсэн үг биш, хэрвээ та энэ хэсгийн хороонд харьяалагдаж байгаа бол дахин санал хураалтад идэвхитэй оролцохыг Сонгуулийн хорооныхон уриалж байна. Дахин санал хураалт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороонд тус тус үргэлжилж байна. Санал хураах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Г.ДАРЬ