Сонгуулийн зарим хороотой холбогдож дахин сонгуулийн дүн мэдээг авбал, Баянгол дүүрэгт 13 хорооны 23 хэсгийн хороонд 125 мянган сонгогч саналаа өгөх ёстойгоос 53862 нь оролцож, ирц 42.86 хувьд хүрчээ. Бусад дүүргүүдтэй харьцуулахад сонгогчийн ирц хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм. Тус дүүрэг нь 41 мандаттай үүнээс 27 нэр дэвшигч можаритори, 14 нь пропорцианаль тогтолцоогоор тус бүр сонгогдоно. Ямар ч байсан энэ дүүрэгт Ардчилсан намынхан өнгөлж яваа сураг дуулдлаа, тиймээс Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр удирдуулсан багийнханы ялалтын мэдээ дахин сонгуулийн анхны салхийг хагалж байх шиг байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд дахин санал хураалт 13 хорооны 32 хэсгийн хороонд болж, 27200 сонгогч саналаа өгчээ. Нийт саналаа өгөх ёстой 79591 сонгогчоос 34.26 хувь нь энэ удаагийн дахин сонгуульд оролцсон гэсэн үг. Дүүргийн хувьд нийт 41 мандаттай үүний 32 нь хорооноос буюу можаритори тогтолцоогоор, есөн нэр дэвшигч нь намын нэрсийн жагсаалтаар тодорно. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол 41 мандатын 22-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, хоёр мандатыг МАХН-аас нэр дэвшигч, үлдсэн мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авах боломжтой болоод байна гэсэн мэдээлэл ирүүллээ.
Нийслэлийн таван дүүрэгт болсон дахин сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар тандвал Ардчилсан нам, Ардын нам хэмээх хоёр намын дунд гол өрсөлдөөн болсон нь харагдаж байна. Түүнийгээ дагаад суудлын төлөөх тулаан ч өгөө, аваатай гарах янзтай байгаа юм.
Сүхбаатар дүүрэгт дахин санал хураалт 13 хэсгийн хороонд болж, ердөө 9252 сонгогч саналаа өгсөн нь ирцийн хувьд чамлах дүнг харуулж буй. Нийтдээ 28518 сонгогч саналаа өгөх ёстой ч ийнхүү нутгийн удирдлагыг сонгох сонгуульд иргэд нь тун ч хариуцлагагүй оролцжээ. Нийт 32 мандаттай эл тойрогт аль намын талд ялалт ирэх нь одоогоор тодорхойгүй дүнг гаргахаар хэсгийн хороод ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүллээ. Гэхдээ энэ дүүрэгт Ардчилсан нам олонхи болох байх гэх мэдээлэл байна, хэрэв энэ мэдээлэл батлагдвал өнгөрсөн 20 гаруй жилийн туршид Ардын намын талд гарч ирсэн ялалтын буухиа энэ удаад Ардчилсан намынханд шилжиж, дүүргийнхэн цэнхэртэнэ гэсэн үг.
Чингэлтэй дүүргийн хувьд 22 хэсгийн хороонд дахин санал хураалт боллоо, 58 мянган сонгогч саналаа өгөх ёстой ч ирц мөн хангалтгүй байсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн сарын 21-нд болсон сонгуулиар Ардчилсан намаас энэ дүүрэгт нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан бол энэ удаагийн дахин сонгуулийн дүнд өөрчлөгдсөн байж болзошгүй байна. Гэхдээ Сонгуулийн хорооны албан ёсны мэдээ гарсан цагт энэ бүхэн баталгаажина.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан дүүргийн 149 хэсгийн хороонд дахин санал хураалт болох ёстойгоос өнөөдөр Хан-Уул дүүргийн долоон хэсгийн хороонд ид дундаа дахин сонгууль болж байна. Тиймээс одоогоор дүн эцэслэгдэж гараагүй байгаа тул нэгтгэх боломжгүй байгааг дашрамд сануулъя.