Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байх Кашмирын уулсын Нилум тосгоны ойролцоо өчигдөр Пакистаны найман цэрэг цасан нурангид даруулжээ. Пакистаны цэргүүд Энэтхэг, Пакистаны хилийн хяналтын зурвасын Кашмирын уулсын ойролцоогоос өмнө нь цасан нурангид даруулсан арван зургаан цэргийг эрэх хайгуулын ажиллагаа хийж байсан байна. Пакистаны албаныхны мэдээлснээр тухайн үед цэргүүд ор сураггүй болсон хоёр хүний цогцосыг олоод байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас өөрсдөө цасан нурангид даруулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гималайн нурууны Каракорумын бүсэд байрлах Сиачен баазад мөн Пакистаны 140 цэрэг асар хүчтэй цасан нурангид даруулсан ч Пакистаны албаныхан тэдний цогцсыг одоо болтол асар том цасан нурангийн дороос гаргаж авч чадаагүй байгаа юм.
Б.АНХТУЯА