‘’Монгол мал’’ хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

‘’Монгол мал’’ хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол мал" үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 82,4 хувийн саналаар баталлаа.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын  гишүүн Д.Балдан-Очир танилцуулсан юм. Чуулганы хуралдаанаар гишүүд байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Эрхэм гишүүн Р.Буд, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир нар хөтөлбөрийн хөрөнгийг улсын төсөвт тусгахаас гадна дийлэнх хэсгийг үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө аж ахуйн хоршоог  түшиглэн хэрэгжүүлэх гэсэн санал гаргалаа. Гарал үүсэл нь тодорхой, эрүүл малын сүү, махыг үйлдвэрт бэлтгэн  нийлүүлсэн хоршооны гишүүн малчдад урамшуулал олгох тухай хөтөлбөрт туснахыг гишүүд дэмжлээ. Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр бэлчээр хомсдуулсны төлбөр,  нөхөн төлбөрийг бэлчээр сайжруулах үйл ажиллагаанд зарцуулах, “Монгол мал” хөрөнгө оруулалтын сан байгуулж эх үүсвэрийг ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын орлого, улсын төсөв, гадаад орон, олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээс бүрдүүлэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн юм.
Эрхэм гишүүн Э.Бат-Үүл, Д.Энхбат, Ж.Энхбаяр нар  хөтөлбөрийн нэрийг “Мал аж ахуйн хоршооллыг эрчимтэй хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гэж өөрчлөх санал гаргасан юм. Мөн хувийн мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжихийн хамт төрөөс тавих хяналтыг сайжруулах, ган зудын үнэлгээг үндэслэн хохирлыг арилгах малгүй болсон иргэдийг малжуулах, өөр үйлдвэрлэлийн салбарт шилжүүлэх ажил зохион байгуулах зэрэг саналуудыг гишүүд дэмжсэнгүй. Р.Раш гишүүн хөтөлбөр батлагдсанын дараа хавтаст битгий үлдээсэй, ажил хэрэг болгоосой гэсэн сануулга хэлж байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж