
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байна. Тус дүүргийн Сонгуулийн хороотой холбогдон авсан мэдээллээр нийт долоон хэсгийн хороонд 17683 сонгогч саналаа өгөх ёстойгоос 11.00 цагт гаргасан ирцийн мэдээгээр 818 иргэн нь саналаа өгсөн байлаа. Энэ нь нийт сонгогчдын таван хувь саналаа өгсөн гэсэн үг аж. Ерөнхийдөө санал хураалт хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны дарга өглөө.
Дашрамд сануулахад, дүүргийн хэмжээнд нийт 35 мандаттай, үүнээс 23 төлөөлөгч нь хорооноос, 12 нь намын жагсаалтаар тус бүр сонгогдох ёстой. Сонгогчдын саналын хувь хүрсэн хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэхэд 12 мандатын долоо нь Ардчилсан нам, гурав нь МАН-д, хоёр нь МАХН-д тус бүр ногдож байсан юм. Харин энэ удаагийн дахин санал хураалтаар үлдэж байгаа мандатыг аль нам авах нь тодорхой болно.
Г.ДАРЬ