
“Талст” кабелийн сувгийн телевизийн хэрэглэгчид энэ сарын эхээс телевиз үзэж чадахгүй болжээ. Дийлэнх хэрэглэгчдийнх нь телевиз жирэлзээд гарахгүй болсон байна. Зарим өдөр өглөөгүүр хэвийн гарч байгаад орой болохоор бүр үзэх боломжгүй. Тэр байтугай зарим айлын антень нь авто замтай ойр айлынхан бол бүр телевиз үзэх гэж зүдэрдэг. Машин давхиж өнгөрөхөд л соронзлогддог уу, телевиз нь жирэлзээд гарахаа больдог аж. Энэ талаараа хэрэглэгчид “Талст” –ынханд хандаж гомдол мэдүүлэхээр “Антениа хөдөлгөөд үз. Хэрвээ хөдөлгөөд жирэлзээ нь арилахгүй бол гэмтсэн гэсэн үг. Сэлбэг хэрэгсэл арваннэгдүгээр сарын 20-доор урд хөршөөс ирэх ёстой” гэх тайлбар хэлэх болов. Хамгийн хачирхалтай нь, олон айлын антеньд нэгэн зэрэг гэмтэл учирсан гэж үзэх нь нэг талаараа өрөөсгөл байгаа юм. Тиймээс Сонгинохайрханы Баянхошууны хэрэглэгчид “Гэрт ирээд гэмтэл юуг нь үзээд өгөөч” гэх хүсэлт тавихаар ирдэггүй тус газрынханыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандан алтан хошуу хүргэх үү дээрээ тулж буй юм. Айл өрхүүд энэхүү кабелийн сувгийг анх тавиулахад 70 мянган төгрөг тушааж, сар тутамд 5000 төгрөгийг төлж байгаа ч телевиз үзэж чадахгүй зүдэрч байгаа юм.
Г.ДАРЬ