“Ургах наран” хороолол хөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Ургах наран” хороолол хөлджээ

Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Ургах наран” хороолол хөлдөх шахжээ.

Хотоос арав гаруй км-ын зайтай байдаг энэ хороолол оршин суугчдаа хүлээж аваад тав дахь жилтэйгээ золгож байгаа аж. Гэвч сүүлийн сүүлийн жилүүдэд хахир өвлийн хүйтэнд зутруухан өвөлжих болсон иргэд энэ жил ч бас гэртээ өвлийн хувцас, нэхий бойтог өмсөн, халаагуур бараадан сууж байна. Тус хорооллынхон халаалтгүй болоод долоо хонож байгаа юм байна. Энд голдуу хотын утаанаас дайжсан ахмад настнууд, бага насны хүүхэдтэй гэр бүл олон амьдардаг ажээ. Тус хорооллын дулааныг холгүйхэн барьсан уурын зуухнаас хангадаг бөгөөд уурын зуухны халаалт өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас  доголдож эхэлсэн талаар оршин суугчид ярив.

 “Ургах наран” хорооллын III байрны I орцонд орлоо. Орцны хананд цууралт өгч, шалны плита хэсэг хэсгээрээ ховхорч, эмтэрсэн байв. Тус байрны оршин суугчид дуу нэгтэйгээр сүүлийн долоо хоног халуун ус тасарч, халаалт доголдолтой ирж байгаа талаар гомдоллож байна. Сүүлийн гурав хоногт бол огт халаалт өгөөгүй гэнэ. Иргэд энэ талаар СӨХ-доо мэдэгдэж, гомдол барагдуулахаар хандсан ч нааштай арга хэмжээ авалгүй байсаар байдал бүр дорджээ.

“Ургах наран” хорооллын оршин суугч У.Доёдтой уулзлаа.

-Танайх хэзээнээс халаалтгүй болсон бэ?

-Өнгөрсөн баасан гаригаас халаалт их муу ирэх болсон. Уржигдраас хойш бол бүр огт байхгүй болсон. Өчигдөр, өнөөдөр халаалтын тухай сураг ч алга. Үнэхээр аргаа барж байна. Манайх гэхэд нэг халаагууртай. Түүнийгээ хоёр өрөөндөө шилжүүлж тавиад арай л хөлдчихөлгүй сууж байна.
 
-СӨХ ямар тайлбар өгч байгаа вэ?

-Уржигдар орон сууцны конторын дарга ирж,  иргэдтэй уулзахдаа уурын зууханд эвдрэл гарсан. Засч байгаа” гэсэн л тайлбар хэлсэн. Тэгсэн хэрнээ тэрийгээ засч янзалж байгаа шинж харагдахгүй л байна.

-Танайх энэ байранд хэдэн жил амьдарч байна. Өмнөх жилүүдэд нөхцөл байдал ямар байсан бэ?

-Манайх анх 2008 онд “Ургах наран” хороолол ашиглалтад ороход л нүүж ирсэн. Анхны жил хүйтэн байсан учраас хотод өвөлжсөн. Түүний дараа жил дулаахан өвөлжсөн. Манай СӨХ-ийн дарга Чинбат гэж хүн байдаг юм. Тэр хүн ажлаа хийхгүй байна. Өнөөдөр оршин суугчид нь ийм нөхцөлд байхад тэр хүн алга. “Ургах наран” хорооллын барилгын захиалагч нь “VSP” гэдэг компани байдаг. Дарга нь байнга л солигдож байдаг юм. Одоо н.Ашхүү гэж хүн байдаг. Тэр хүн ч ховорхон харагддаг.

-Сангийн холболтууд нь хэр вэ?

-Муу. Сантехник нь үнэхээр чанаргүй, байнга ус алдаж байдаг юм.

/Түүний гэргий хана нь цана цохиж, мөөгөнцөрдсөн тул хөөсөнцөрөөр хааж нааснаа үзүүлэв/.

Энэ айлаас гараад бид “Ургах наран” хорооллын уурын зууханд очлоо. Тэнд хүн ажилладаг гэхэд үнэхээр хэцүү орчин угтав. Уурын зуухны үүдээр дотогш оруут угаар амьсгал боогдуулна. Хоёр зуухны нэгийг нь арай чүү ажиллуулж байгаа харагдав. Эднийх гурван галчтай ч хоёр нь угаарт цохиулсан тул ажилдаа ирэхгүй байгаа гэнэ.

Халаалт зуух ашиглалтын зохицуулалтын газрын дулааны инженер О.Бямбацогт гэж хүн “Ургах наран” хороололд үүсээд буй нөхцөл байдалтай танилцахаар ирсэнтэй таарав. Тэрбээр бидний асуултад дараах хариултыг өглөө.

-Одоогоор энд нөхцөл байдал ямар байна?

-Маш хүнд байна. “Ургах наран” хороолол хөлдөх шатандаа явна. Яг одоо бол цэвэр урсны тэжээлийг усаар эргэлт өгөөд, явж байна. Уурын зуухны хоёр ул ширэм элэгдэлд орж, хугарсан байна. Түр хугацаанд төмөр утсаар боогоод хөдөлгөж байна. Энэ нь хэзээ л бол хэзээ эвдрэх, найдваргүй. Хоёр зуухны ар тал битүү цан цохисон байдалтай, хаалтгүй онгорхой ажиллаж байна. Араасаа салхи цохиод энд галлах боломжгүй болчихсон, битүү утаатай байна. Бидэнд өгсөн ажилчдын мэдээллээр зуухыг дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа засварлаагүй гэсэн.

-Энэ уурын зуухыг аль байгуулага хариуцан ажиллуулдаг юм бол?

-Хувийн компанийнх. н.Ашхүү гэж захиралтай “VSP” гэж компани байна. Одоогийн байдлаар энд хариуцсан захирал, мэргэжлийн инженер, дулаан техникийн ажилчид гэж алга. Бүх ажилчдаа дууд гэж бид нар шаардлага тавьсан ч ганц галч нь л ажиллаж байна. Хариуцаж байгаа хүн ч алга гэж хэлж болохоор байна.

-Зууханд засвар хийх шаардлагатай сэлбэгүүдийг захиалж авчраад янзлах боломж хэр байдаг вэ?

-БНХАУ-ын Эрээн хотоос захиалж авчирна. Манайд бол сэлбэг байхгүй. Захиалж авчирлаа гэхэд наад зах нь долоо хоногийн дараа ирнэ. Хариуцсан хүн нь захиалаад авчирах ёстой. Гэтэл тэр хүнтэй холбоо ч барьж чадахгүй байна. Оршин суугчдыг ингэж хохироож болохгүй шүү дээ.

Г.ДАША

Гэрэл зургийг О.МӨНХНАСАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж