
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны сонгогчид өнөөдөр өглөө 29 дүгээр хэсгийн хороондоо саналаа өгөхөөр очтол санал авах бэлтгэл хангагдаагүй байжээ. Тиймээс нэлээд олон сонгогч саналаа өгч чадалгүй буцсан аж. Учрыг лавлавал, тус хэсгийн хорооныхон техник хэрэгслээ байршуулсаар 07.50 цагаас санал авч эхэлжээ. Харин энэ үед санал авах байрны гадаа олон сонгогч цугласан байсан бөгөөд “Ажилдаа явах замаараа саналаа өгчихмөөр байна” гэж учирласан ч тус хэсгийн хорооны дарга н.Бүжмаа, нарийн бичгийн дарга н.Гончигсумлаа нар 07.50 цагт санал авах байрныхаа хаалгыг нээсэн байна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах ажиллагаа сонгуулийн тухайн өдрийн 07.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх ёстой. Гэтэл энэ заалтыг тус хэсгийн хорооныхон зөрчөөд байна. Сонгогчдын тайлбарлаж буйгаар “Дахин сонгууль болохын урьд өдөр ирж, санал авах бэлтгэлийг хангаагүй нь ийм хариуцлагагүй байдалд хүргэсэн” хэмээн ярьж байна.