Тамхиа хаяж байгаа бол та хоолны жороо өөрчлөөрэй | News.MN

Тамхиа хаяж байгаа бол та хоолны жороо өөрчлөөрэй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Тамхиа хаяж байгаа бол та хоолны жороо өөрчлөөрэй

Тамхи бидний эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд л мэддэг. Тэгсэн хэр нь тамхинаас гарч чаддагүй. Дэлхийн хамгийн урт настай эмэгтэй Жанна Кальман зуу хол давсан хойноо л тамхинаас гарсан гэдэг. Цаг хугацаа хүлээж чаддаг л юм байна хэмээн та сэтгэлээ баясгах хэрэггүй. Өглөөнөөс орой хүртэл хийгээд дадчихсан энэ муу зуршлаасаа салчих юмсан гэж та хэзээ ч юм бодож л явсан байгаа.

Гэтэл зоригтой, шийдвэртэй алхам хийх тусам л биднээс огт хамаарахгүй олон асуудал ундраад ирдэг. Түүний нэг нь таргалалт. Тамхиа хаямагц л эсгэгч дотор хийчихсэн мэт л хөөгөөд таргалчихдаг тохиолдол бишгүй олон. Ямар нэгэн муу зуршлаасаа салахын тулд өөрийнхөө гуалиг биеийг золиослохыг хэн хүсэх вэ дээ. Гэсэн ч үүнээс болоод тамхинаас татгалзахаар шийдээд гараа өргөсөн бүхэн доош буулгах хэрэггүй. Муу зуршлаасаа таргалахгүйгээр салж болно.
Биеийн галбираа алдалгүйгээр тамхинаас гармаар байгаа бол бидний өгөх зөвлөгөөг уншаад, туршаад нэг үзээрэй. Юуны өмнө та наад зах нь 3-6 сар хоолны нарийн дэглэм мөрдөх хэрэгтэй. Ингэхдээ хоолоо сойж, зовох ямар ч шаардлагагүй.

Нэг бүтэн хайрцаг тамхи татахад хүний бие 200 калораа алддаг. Тамхинаас гарвал түүнийг орлож чадах ямар нэг зүйл хэрэгтэй болж байгаа биз.Тийм хэмжээний калорийг биедээ шингээлгүй ямар нэг хэлбэрийн энерги болгон зарцуулах шаардлага гарч ирдэг. Гэтэл хүмүүс үүнийг тооцолгүй, тамхиа татмаар санагдаад эхэлмэгц ямар нэгэн амттаныг орлуулаад идчихдэг. Тахианы гуя, цөцгийтэй зүсэм талх, шокалад …гээд жин нэмэх амттан юу эс мундах вэ. Ийм тохиолдолд элдэв тайлбар хийх нь илүүц биз дээ. Та үнэхээр л таргалахгүйгээр тамхинаас гарахыг хүсч байгаа калори багатай, илүүдэл жин хуримтлуулахгүй хүнсийг сонгон идэх хэрэгтэй. Иймээс танд тус болох хамгийн үр ашигтай хооллолтын дэглэмийг санал болгоё. Энэ дэглэмээр та өдөрт 5 удаа хооллоно гэсэн үг.

Өглөө
Шилэн аягатай сүү. Элсэн чихэргүй ов ъёосны зутанг 6-12 хоолны халбага. Ааг багатай цай эсвэл кофе. 50 грамм талх, гадил, тоор, гүйлс зэрэг жимсний цэлцэгнүүр.

Бага үд
Тараг нэг аяга. Нэг алим эсвэл лийр идэхэд болно.

Үдийн хоол
Хооллолт хагас цагаас багагүй үргэлжлэх ёстой. Хоолоо бүхлээр нь залгичихалгүй аль болох удаан зажилж ид. Харин үдийн хоол маань ногооны шөл, хүрэн манжингийн зууштай 150-200 грамм шарсан мах.

Их үд
200 грамм бяслаг. Нэмэлт ямар ч жимс байж болно.

Оройн хоол
Өдрийн хоолтой яг адил. Хооллолтын үргэлжлэх хугацаа хагас цагаас доошгүй байх. Ногооны салат. Загас, тахиа, хонины мах, үхрийн мах, хоёр ширхэг шарсан өндөг эсвэл 100 грамм гахайн утсан мах. Аль нэгийг нь сонгож ид. Дараа нь аяга цай.

Хоолоо удаан зажилж идэх нь хоол боловсруулалтыг сайжруулдаг. Тэр тусмаа тамхинаас гарч буй таны хувьд амтлах рефлекс улам хүчтэй сэргэж ирдэг. Иймээс та хоолноосоо жинхэнэ таашаал авах хэрэгтэй. Тамхичид хоолоо зажлалгүй, тэр ч бүү хэл бараг анзааралгүй залгилдаг. Мэдээж нөгөө “гайхамшигт” тамхиа сорох гэж л яарч буй хэрэг. Юутай ч та өглөөний унд, үдийн хоол, оройны зоогоо тайван суугаад амтла. Тамхинаас гарч буй учир хоолны дараах “гайхамшигт ёслол” байхгүй шүү.

Хэрвээ бүр татмаар санагдаад байвал яах вэ?
Ийм үед авралын утаагаа сорохгүй л бол хатаж, гундаж, үхэх шахдаг л даа. Үүнийг тамхичин хүн бүр маш сайн мэддэг. Энэ тохиолдолд хамгийн сайн эм бол аяга ус. Бас алим, зүсэм бяслаг идэж ч болно. Аяга сүү уу. Эдгээр нь таны жинг нэмэхгүй хэр нь
тамхи татах хүслийг тань бууруулж өгнө.

Тамхинаас гарч буй хүмүүст нэг хүндрэл гардаг. Энэ нь битүү шаналал. Тамхиа хаяхдаа та битүүгээр шаналж зовоод байвал тамхийг орлох ямар нэгэн хүртэхүйн нөхөөс байх ёстой. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол мэдэгдэхүйц таагүй байдалд ордог.

Хүрээлж буй орчноосоо таашаал авч байдаг хүний таван мэдрэмжийн нэг болох үнэрлэх чадвар нь тамхичин хүний хувьд мэдэгдэхүйц муудаж ирдэг. Хусан ой, өглөөний, өвсний, талхны гээд таатай үнэрийг шуналтай тамхичин бараг мэдэрдэггүй. Харин та тамхиа хаясны гурав дахь өдрөөс л өглөө гэрээсээ гармагц өмнөхөөс өөр ертөнцөд шумбах болно.

Тамхинаас татгалзсанаар та ямар таашаалыг хүртэж болох, мөн тамхинаас татгалзах нь дарамттай зүйл огтхон ч биш, харин ч бүр өөрт итгэх итгэлийг өгч амьдралын баяр баясгалан авчирдаг гэдгийг ухаарч ойлгохыг хичээгээрэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж