Өглөө үүрээр таны дугаараас миний утсанд дуудлага ирсэн, эмэгтэй хүний хоолой байсан, “Аав өнгөрчихлөө” гэсэн охины чинь хоолой байсан.
Их олон зүйл одоо хүртэл надад сэжигтэй санагддаг, яагаад заавал тэр өдөр, тийм сэжигтэй байдалаар ?
Олон хүмүүс таны араас халаглан, харуусаж эмгэнэл илэрхийлсэн. Би харин тэгмээргүй байсан.Төрсөн охиныг тань, энхрий охиноос чинь өөрцгүй олон мянган гэмгүй Монгол охидыг хэн ч биш новшнууд эд бараа мэт арилжан худалдаж, бохир угаадсаар хооллон, шалны дэвсгэр мэт өдөр бүр гишгэлэн доромжилсон байхад, чихнээс хол нүднээс далд гэж төсөөлдөг байсан тэр бузар муухай зүйлүүд яг хажууд минь, төрж өссөн эх оронд минь далд биш илээр оршин байхад, хариуцах ёстой эзэд нь нүдээ анин халаасаа зузаатган суусаар байхад, ямар ч гэмгүй гэнэн цагаахан охид зүгээр л бусдын золиос болж байхад харуусаад л өнгөрөх гэж үү ? Харуусах багадна даа, бодох тусам л новшийн санагдах юм, бүх л амьдралаараа хохирон, хичнээн сайхан гэгээтэй мөрөөдлөө харлуулсан охин чинь амьд сэрүүн, өөрийн биеэрээ туулсан аймшигт амьдралаа гэрчлэсэн, эцэг нь болсон та ямар ч эрхтэн бүтэн нэгнээс илүү зориг гарган хүрч болох хамгийн сүүлийн цэг хүртэл тэмцээд хүн бусаар амь насаа золиослон хорвоог орхисон, эх нь болсон бүсгүй үнэхээр хүчин мөхөсдсөн ч шударга үнэнийг тогтооно гээд тэмцэж байна. Гэтэл нохой хуцахын дайтай ч тоосонгүй. Элэг барьсан даа, арай л дэндүү элэг барьсан. Охины чинь хэргийг дахиад л хаачихсан. Арай гэж нээлгэсэн одоо яах юм бүү мэд …
Хэн ч дуугарч чадаагүй, мэдсээр байж дуугарч чадаагүй, хөөрхийлэлтэй, шорон шиг нийгэм дээр та хамгийн чангаараа сүүлийн удаа орилоод амьсгал хураасан. Олон хүнд сэрэмжлүүлэг болсон, олон хүнд нэгийг бодогдуулсан, олон хүний зүрхэнд унтарж бөхсөн байсан гэрлийг асаасан, энэ олон юмны эхлэл болох байх. Таны амь нас үнэ цэнэтэй байсан.
Ганзориг ах аа, би маш их бодож байна, өдөр шөнөгүй бодож байна, яавал тэднээс илүү сэтгэж, яавал энэ бүхнийг эцэслэх вэ, хэрхэн хүний наймааг зогсоох вэ, хэзээ энэ бүхний төгсгөл ирэх вэ ? … гэж бодож байна. Айсандаа бодоод суугаад байгаа юм биш ! Илүү ухаантай, илүү бодитой, илүү зоригтой, илүү харгис хөдлөх хэрэгтэй байгаа болохоор бусдын адил зүгээр орилж гүймээргүй байна. Ганц нэг зоригтой алхам хийсэн, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, хүний наймааны үнэн бодит байдлыг харуулах, сэрэмжлүүлэх, анхааруулах талаас нь багагүй зүйлийг хийж бодит үр дүнгээ ч өгсөн, улс даяар мэдэгдэл хүртэл хийсэн, хариуд нь хэсэг хүмүүс төрөл бүрээр дарамтлуулсан, гэхдээ тэгээд л шуугиад өнгөрсөн. Ийм аргаар энэнээс цаашаа явахад хэцүү гэдэг нь харагдсан. Ард түмэн, залуусын дуу хоолой албан тушаалтнуудын хувьд ямар ч үнэ цэнэгүй юм байна гэдгийг мэдэж авсан. Таны бас бусдын охидын амь нас тэдний хувьд юу ч биш юм байна гэдгийг харсан. “Яасан хол яваа вэ ?” , “Та гуай их хэвлэл мэдээллээр яриад байлуу ? ” … тэдний хандлага энэ, ийм хүмүүстэй юу ч яриад нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Шууд өндөр албан тушаалтнуудтай нь харьцах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэгэхдээ ганцаараа биш Монголынхаа ард түмэнтэй цуг, залуустайгаа хамт, гадаадад байгаа Монголчуудынхаа дуу хоолойг нэгтгэн яаж ч дарсан, яаж ч дүлий царайлсан сонсогдохоор чанга хашгирах ёстой юм байна гэж бодсон. Монголын цагдаагийн нэр хүндийг уландаа гишгэн, ард түмний өмнө шившиг болгож байгаа хэсэг нөхдүүдтэй хариуцлага тооцуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Дарамтлах тусам нь шүдээ зуух болно.
Заримдаа боддог л юм. Танд энэ бүхэн тохиолдоогүй байсан бол өдийд хичнээн сайхан гэр бүл, ямар сайхан амьдарч байх байсан бол гэж …
7 жилийн өмнө багшийн дээдийн автобусны буудал дээр үнэндээ 5 минут л зөрсөн бол энэ бүхэн өөрөөр эргэх байсан бол уу ? Үгүй дээ өөр бас нэг охиныг аваад л явах байсан байх … Охиныг чинь гадаадад гаргая гэсэн чинь одоо хүртэл сэтгэл зүйн шокноосоо гарч чадаагүй байгаа бололтой зориглохгүй л байх шиг байна.
Монголчуудаа, Тэмүүжин сайд аа , Ерөнхийлөгч өө, Цагдаагийн удирдлагуудаа ! Хүний наймааг анхааралдаа аваач ! Улс төр, пи-араа хийгээд ч болсон энэ асуудлыг анхааралдаа аваач ! Тэгэхгүй бол өдөр бүр далд ертөнцөд энэ бүхэн үйлдэгдсээр, ямар ч гэмгүй охид худалдагдсаар, амь нас ирээдүйгээрээ хохирсоор, харийн нутагт аймшигтай өдрүүдийг өнгөрөөсөөр байна шүү дээ !!! Танай цагдаа нар биеэ үнэлэх, биеийг нь үнэлүүлэх хоёрыг хүртэл ялгахгүй байна, та нар “Давхар хүний наймаа” гэж сонсож байсан уу ? Чингисийн цустай Монгол хүүхдүүд худалдагдсан эхийнхээ хэвлийгээс төрөөд тэндээ ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН болцгоож байна. Надад үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай байна, би гэлтгүй маш олон хүн зүрхээ шимшрүүлж байна. Улс төрийн хожоо, нам засгийн бодлого харалгүй ганцхан зүйл дээр нэгдээд энэ асуудлыг нийгмээс арчиж хаяач !!! Эцсийн эцэст уул уурхай, эдийн засгийн хөгжлөөс илүү ХҮН гэдэг чинь чухал биз дээ ? Энэ асуудлыг зүгээр нэг үр дүнгүй хэлэлцүүлэг болгож битгий хаяач, энэ жил баталсан хүн худалдаалах гэмт хэргийн тухай хуулиа эргэж нэг хараач, хэрэгжилтийг нь нэг шалгаад үзээч, өөрсдийгөө сайхан харагдуулах гээд та нарт ямар тоо өгөхийг нь би мэдэхгүй, түүнд битгий итгээч, тусгай ажлын хэсэг байгуулж өгөөч, хууль эрх зүйн орчинд нь шинэчлэл хийх боломжийг судлаач ! Гэрчийг, хохирогчийг хамгаалдаг сайн системтэй болгож өгөөч ! Нуугдаад гарч ирж хохирсноо ч хэлж чадахгүй байна шдээ …
Минийх биш гээд түлхсэн бүхэн минь эргээд бидний толгой дээр буухын цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг нөмрөх вий дээ.
Хүний наймаатай холбоотой мэдээллийн байнга авна cb.javkhaa@gmail.com
Чадраабалын Ганжавхлан
Монгол улс мандан бадрах болтугай !!!