АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь хүч үзэн өрсөлдөж, ялагдсан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Мит Ромниг өчигдөр “Цагаан ордон”-д хүлээн авч уулзсан байна. Мөн тэрээр энэхүү сонирхол татсан уулзалтынхаа дараа Мит Ромнитой хамт өдрийн зоог барьжээ. “Цагаан ордон”-ы төлөөлөгчийн мэдээлснээр тус уулзалтын үеэр Мит Ромни Ерөнхийлөгч Барак Обамад сонгуульд ялсанд нь баяр хүргэж, амжилт хүссэн байна. Үүний хариуд Ерөнхийлөгч Барак Обама талархал илэрхийлж, улс орныг удирдах ажилд бүгд найрмдагчуудын туслалцаа, дэмжлэг маш их хэрэгтэй гэдгийг онцолжээ. Түүнчлэн тэд АНУ-ын ирээдүйн талаар санал бодлоо солилцжээ. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обама хэдийгээр Мит Ромниг хараахан ямар нэгэн албан тушаалд томилоогүй байгаа ч “Цагаан ордон”-д ажиллах эсэхийг нь асуусан байна. АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүчтэй өрсөлдөгчид хэмээгдэж, халз мэтгэлцэж байсан хоёр эрхмүүдийн уулзалт найрсаг байдалтай болж өнгөрчээ.
Б.АНХТУЯА