Орон нутгийн сонгуулийн ирц бүрдээгүйгээс болж нэлээд олон тойргийн хороон дээр дахин санал хураалт маргааш буюу бямба гарагт болох гэж байна. СЕХ-ноос сонгуулийн ирц бүрдсэн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын шинээр томилогдсон төлөөлөгчдийг албан ёсоор зарласан даруй хуучин ИТХ хаа сайгүй хуралдаж шинэ ИТХ-ын товыг зарлав. Ирэх долоон хоногоос эхэлж ИТХ-ын дарга болон Засаг дарга нарын сонгууль болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн хаа сайгүй хор найруулах ажиллагаа зохион байгуулагдах болов. Нэн ялангуяа аймгийн Засаг дарга нарын томилгоо олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Учир нь энэ жилээс эхэлж аймаг бүр өөрийн төсвийг захиран зарцуулах бүрэн эрхтэй болсон билээ. Энэ нь нэг талаасаа асар том мөнгөний сонирхол бүхий бүлэглэлийнхний анхаарлыг татаж байгаагийн нэгэн жишээг танд дуулгая. Дархан-Уул аймгийн ИТХ ирэх даваа гарагт хуралдах гэж байгаа аж. Гэтэл тус аймгийн МАН-ын даргад нэр дэвшиж өвдөг шороодсон Б.Цэнгэл энэхүү хурлыг бужигнуулж, өөрт ашигтай нэгэн нууц төлөвлөгөөг боловсруулжээ. Тэрбээр аймгийн намын дарга болж чадаагүйдээ тун их бухимдалтай байгаа бөгөөд ямар ч хамаагүй үнээр Засаг ноён болох гэж амбицлаж байна.
МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн татаасаар 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байв. 2012 оны 01-08 сар хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байсан “Гүзээ” хочит Б.Цэнгэл насаараа даргын сэнтийд залрах тавилантай нэгэн хэмээн өөрийгөө боддог бололтой. Унасан бөх ууртай гэдэг шиг Дархан аймагт цөөнх болсон АН-ын дарга Б.Мягмардаш нартай хуйвалдаж ИТХ дээр танхимаас нэр дэвшиж Засаг дарга болох гэж байгаа асуудал нь хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байна. МАН-ын ялагдал иймэрхүү намдаа сэтгэлгүй зөвхөн өөрийгөө боддог өөдгүй нөхдөөс үүдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдоно. Ямар сайндаа л өвдөг шороодчихоод өөр намынхантай сэм хуйвалдаж Засаг дарга болох гэсэн түүний дэглэсэн жүжгийн сценари ил боллоо. Харин энэхүү мэдээлэл хэр ортой болохыг эрхэм уншигч та ирэх даваа гарагт болох Дархан аймгийн ИТХ-ын үйл явцтай тодорхой танилцаж байж мэдэх болно.
Үргэлжлэлийг
www.wikimon.mn сайтаас уншина уу.Эх сурвалж: www.wikimon.mn