Доктор Л.Мөнхцэцэг дэгдэмхий хүхэрт органик нэгдлүүдийг агуулсан хаягдал хийг биотехнологийн аргаар термофиль нөхцөлд буюу өндөр температурт цэвэрлэх байгаль орчинд ээлтэй шинэ технологи бий болгож хүн төрөлхтний ногоон хөгжлийн үйлсэд чухал хувь нэмэр оруулжээ.
Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжин Чингис хааны “Их Засаг” хууль нь Монголын эзэнт гүрний төрийн байгуулалт, төр, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан үндсэн хууль мөн болохыг, түүнчлэн Монголын төр хууль цаазат төр байсныг түүхэн сурвалжийн мэдээ баримтад тулгуурлан нотолсон “Их Засаг” хэмээх түүх, эрх зүйн шинжлэлийн шилдэг бүтээл туурвисан байна.
Доктор Д.Даваалхам В гепатитийн дархлаажуулалтын сүүлийн 20 жилийн үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэн судалсны зэрэгцээ уг вирусын 57 шинэ дарааллыг тодорхойлж, Дэлхийн генийн санд байршуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм байна.