Ургийн гажиг буюу МАХН

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Ургийн гажиг буюу МАХН

Нам. Үзэл бодол, ашиг сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Тэд иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн, шаардлагыг нь биелүүлэхийн тулд хичээдэг. Арай шинжлэх ухаанчаар тайлбарлавал үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгуулал гэж тайлбарлаж болно.

Онол ярьж залхаахгүйгээр үндсэн асуудалдаа оръё. Нам гэж яг юу билээ, ямар үүрэгтэй билээ гэж тээнэглэзэхэд хүрлээ. Уг нь улаан, цэнхэр хоёр намыг харахад тогтсон үзэлгүй ч, тодорхой бодлогогүй ч нам гэдгийн шинж тэмдгийг харуулж байсан. Гэтэл ямар ч намын шинж тэмдэггүй нэг нам байгуулагдсаар хэдэн сарын нүүрийг үзлээ.

Ямар нэгэн эрхтэн нь хамтдаа ургаж, хөгжсөөр эцэст нь салж болохгүйгээр хөгжсөн ихрийг “сиам”-ын ихэр гэж нэрлэдэг билээ. Хэрэв салгавал нэг нь юм уу, хоёулаа нас бардаг эмгэнэлт “хууль”-тай. Өнөөгийн улс төрд нэг иймэрхүү хэлбэртэй нам гараад ирлээ. Энэ бол МАХН. Хэлбэрийг нь харвал МАН ч юм шиг, зарим нэг мөрийн хөтөлбөрийг нь харвал АН ч юм шиг, байгаль орчны тал дээр баримталж байгаа бодлогыг нь харвал Ногоон ч нам юм шиг, төрт ёсны уламжлалын тухай хааяа нэг ярьж, мөрийн хөтөлбөртөө тусгадгийг нь харвал консерватив ч юм шиг. Гэхдээ нэгэн цагт нэг нам хэмээгдэж явсан МАН-аас ялгарах юм үзэл суртлын хувьд алга. Өнгөний хувьд ч алга. Ув улаан хэвээрээ, бүр час улаан болсон ч юм шиг. Гэхдээ бодлогын алдааг Монголд төлөвшиж байгаа бүх намууд харуулдаг. Үүнийг цааш дэлгэрүүлээд нэмэргүй. Харин МАХН ямар билгэ тэмдэг, ямар үзэл сурталтай  нам бэ гэдгийг тодорхойлох гээд оролдъё.

Үүнийг үзэл бодол таарахгүй эсвэл намын чиг баримжааг бусад фракци нь дагаагаагүйгээс салсан гэж тайлбарлавал өрөөсгөл ойлголт болно. Нэг хүний өс хонзон, гоморхлоос болоод тусдаа гарсан нь хэн хүний нүдэн дээрх ил үнэн. Үүнийг ямар ч сайхан мөрийн хөтөлбөр, бодлогоор дарах гээд нэмэргүй. Гэхдээ дэлхийд байхгүй улстөрийн системийн гажгийг тэд үүсгэснээ мэдээгүй л яваа. Зүүн төвийн үзэл баримтлалтай социаль демократ гэж өөрсдийгөө тодорхойлдог хоёр нам бий болсон. Дэлхийд нэг үзэл баримтлалтай хоёр нам хэзээ ч оршин тогтнож байгаагүй. Хэрвээ байвал хэдэн жилийн дараа нэгдэх ганцхан л сонголт хүлээж байдаг билээ. Социал демократуудын билгэ тэмдэг нь улаан сарнай байдаг.

Улаан сарнайг голдоо залсан МАХН-ын бодлого нь юу вэ? Мэдэхгүй. Тав, арван жилийн төлөвлөгөө, ард, иргэдийнхээ төлөө хэрэгжүүлэх ажил. Зүгээр л гурван намын мөрийн хөтөлбөрийг харж байгаад энд тэндээс нь хэсэгчлэн авсан мөрийн хөтөлбөртэй нам. Уг нь улстөрийн намын гол хөдөлгөгч хүч нь ард түмэн байдаг. Тэдний шаардлага, захиалгаас намын чиг баримжаа, улс төрийн бодлого шалтгаалдаг учиртай. Гэтэл энэ намд цорын ганц эрх ашиг, цорын ганц хүний захиалга бий.  Энэ бол намын дарга Н.Энхбаяр. Түүнийг суллах, ард түмний дэмжлэгийг хүлээлгэх, эрүүл мэндийг нь сайжруулахын тулд л гарч ирсэн юм шиг. Сонгуулийн сурталчилгаа нь ч ард түмний ерөнхийлөгчийг аврах дээр тогтож байсныг бид санах хэрэгтэй.

УИХ-д багагүй суудал авсан нам бол яах аргагүй МАХН. Гэтэл тэд ямар ажлыг эхлүүлж байгаа вэ? Эрүүл мэндийн сайд С.Удвал. Ерөнхийлөгчийн биеийн байдал муу байна, өнөө, маргаашгүй боллоо, бие нь дийлэхгүй нь гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон даруйдаа олон нийтэд хүргэх болов. “Эрүүл мэндийн сайдын хувьд зайлшгүй энэ хүний биеийн байдалд санаа тавих ёстой” гэж өдөр тутмын нэгэн сонинд ярьж байсан удаатай. Монголын ард түмний эрх ашиг үүнд төдийлөн хамаагүй болж таарч байна. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Эрдэнэжамъян. Энэ хүнд олон өргөдөл гомдол ирдэг ч хамгийн түрүүнд Н.Энхбаярын эрх, ашгийг хамгаалах хэрэгтэй гэж тэр үзсэн. Томоохон телевизүүдээр ч үүнийг мэдэгдээд амжсан. Тэр ч утгаараа эр зориг гарган төрийн сайдын нэрийн өмнөөс интерпол руу захиа илгээсэн юм. Энэ бол Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Б.Тулга нарыг эрэн сурвалжлахаа зогсоох тухай хүсэлт. Уг нь интерполоор эрэн сурвалжлахыг зогсоохын тулд хариуцсан яам болоод засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр энэхүү хүсэлтийг гаргах эрхтэй байдаг. Гэтэл маш том шат дамжлагыг алгасан олон улсын байгууллагад хүсэлтээ гаргачихсан байдаг. Түүнд ирсэн жирийн иргэдийн өргөдөл гомдлыг цааш нь түлхээд шүү дээ.

Монголд нь ер нь ямар нам бий болох гээд байна. Социалист гэж үзэн ядах дуртай урд хөршийн намын шинж тэмдэг, энэ намынхаас өөр. Хэдийгээр социалист ч гэсэн өмнөх даргынхаа авлигын хэргийг шалгуулж байна. Мөн өндөр албан тушаалтай хоёр ч хүнийг намаасаа хөөгөөд амжив. Хаалттай, бүр ув улаан Хятад ч даргыгаа улайм цайм хамгаалсангүй. Ерөөс ардчилсан орны нам хэдийгээр намын дарга нь ийм асуудалд орсон ч улс төрийн бодлогоос салангид үздэг. Учир нь эх орон, ард түмний эрх ашиг цаана нь цухалздаг болохоор тэр. Угтаа тэр намын удирдлага нь ард түмэн учраас тийм эрх мэдэлтэй хүний хажууд намын дарга гэсэн албан тушаалтнаа хамгаалаад байвал манайхаас өөр оронд улстөрийн карьер нь өндөрлөх хувь заяа хүлээж байдаг. Харин манайд эсрэгээрээ. Гишүүд дэмжигчдийнх нь тоо нэмэгдэж, итгэгчдийн тоо нэмэгдсээр л байдаг. Гэхдээ үүнийг яг ямар тооцооллор нэмэгдэж байна вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Ганц баримт сөхөхөд хэвлэлийн бага хурал дээр суусан сэтгүүлчид болоод жирийн иргэдийг юу нь үл мэдэх цаасан дээр гарын үсгийг нь цуглуулж авч байв. Гэтэл тэр нь Н.Энхбаярыг суллах хүмүүсийн гарын үсэгт тооцогдоод явж байдаг. Намыг дэмжигчдийн тоонд ч тооцогдож байгааг мартаж болохгүй.

Ардчилсан Монгол Улсад нэг хүний нам байх хэрэгтэй гэж үү? Гэтэл тэднийг сонгох, хүсэлтээ илгээх иргэд хаана хоцрох юм бэ? Ганцхан хүний төлөө улстөр хийх нь хэр их ашигтай вэ? Н.Энхбаярыг суллахаас илүү улс орны эрх ашгийг бодсон томоохон бодлого байна уу? Цаашид хэрхэн улстөрийн нам болж төлөвших вэ? зэрэг олон асуулт МАХН-ын ард бий. Хариу нь хэзээ гарах юм бүү мэд.
Хариулт нь тодорхой байгаа ганц л зүйл байна. Энэ нь Н.Энхбаяр суллагдаагүй байна. Үүний төлөө МАХН тэмцэж байна. Сонгогдсон гишүүд нь харин ард түмний төлөө, иргэн Доржийн төлөө тэмцээгүй, тэмцэхгүй нь ч тов тодорхой юм даа.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж