С.Сэрчмаа кино урлагт хүч үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа кино урлагт хүч үзжээ

Дуучин С.Сэрчмаа эх орондоо ирснээс хойш уран бүтээлээ туурвин завгүй ажиллаж буй. Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн “Sweetymotion”-ы ойн тоглолтоор хамтлагийн хуучин гишүүн Ч.Солонго, С.Сэрчмаа нар тайзнаа гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байсан гэж хэлж болно. Энэ үеэр С.Сэрчмаа “Харанга”-ын Чукагийн бичсэн “Бүсгүйн аргамж” дууг анх удаа олны хүртээл болгосон юм. Энэ нь түүний өөрийн амьдралаас сэдэвлэн хийсэн “Би явлаа, баяртай” киноны дуу аж. Түүнтэй цөөн хором шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Уран бүтээлч, дуучин гэдэг утгаараа шинэ уран бүтээлүүд хийж байна. “Улаанбаатар” нэртэй дуу хийлээ. Мөн Dj Шамантай хамтарч “Хайр бид хоёр” дуу хийсэн. Тэр дууныхаа клипийн ажилд хэдийнэ орсон. Тун удахгүй дуусах гэж байна. Түүнчлэн, “A Sound” хамтлагийн Тэмүүлэнтэй хамтарч та бүхний сайн мэдэх нэг сайхан дууг шинэчлэн дуулсан. Шинэ жил ойртож байна. Тиймээс шинэ жилийн дуу хийе гэсэн бодолтой байгаа. Цаг хугацаанд яарахгүй чанартай сайн уран бүтээл хийнэ ээ.

-Дэлгэцийн шинэ бүтээлд хүч үзэж байгаа гэж сонссон?

-Тийм ээ, дэлгэцийн бүтээл хийсэн. Би өөрөө продюсераар нь ажилласан. Шинэ он гаргаад нээлтээ хийхээр төлөвлөөд байна. БНХАУ, Шанхай, ХНБГУ-ын баг болон манай “Sally’s” продакшн гээд гурван улсын хамтарсан кино хийсэн байгаа. Тиймээс би маш сайн, чанартай уран бүтээл болсон гэдэгт найдаж байгаа. Би өөрөө гол дүрд нь тоглосон. Мөн УДЭТ-ын авьяаслаг жүжигчид болон  БНХАУ-ын жүжигчид тоглосон. Удахгүй киноныхоо soundtrack, трэлейрыг дэлгэх болно.

-“Sally’s” студийн анхны уран бүтээл дэлгэцийн бүрэн хэмжээний кино байх нь ээ?

-2012 оны өнгөрсөн тавдугаар сард “Sally’s” продакшн гээд өөрийн студийг нээсэн. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн дээвэр, туурга, нэр хаягтай байх ёстой. Тэр утгаараа клип, зар сурталчилгаа, реклам гээд бүхий л дүрс, дуу бичлэгийг хийе гэсэн үүднээс энэ өөрийн гэсэн продакшныг нээсэн. Энэ продакшны анхны салдхийг хагалж буй уран бүтээл бол гурван улсын хамтарсан уран сайхны кино. Герман оператор, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гэх мэтчилэн дан гадны багууд хамтарч ажилласан гэдгээрээ шинэ өнгө, шинэ шийдэл болов уу.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж