Ганжуур Данжуурын баяр болно

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Ганжуур Данжуурын баяр болно

Б.Дарамбазар: Монгол Ганжуур, Данжуурын эхний 50 боть уншигч олонд хүрэхэд бэлэн боллоо
“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв 2012 оны 12 сарын 2-нд крилл бичигнээ хэвлүүлсэн Монгол Ганжуур Данжуурын 50 ботийг өлгийдөн авч, уншигч сүсэгтэн олонд өргөн барих гэж байна. Төвийн гүйцэтгэх захирал Б.Дарамбазартай хэдэн хором ярилцлаа.

-Ганжуур Данжуур гэж юуны тухай сургаал вэ?

-Ганжуур нь Бурхан багш амьд ахуйдаа айлдсан сургаалын цогц бол Данжуур нь Бурхан багшаас хойших Энэтхэгийн эрдэмтэн мэргэд Ганжуурыг үзэж судлаад тайлбарлан, олон бүтээл туурвисны цогц юм. Гүн нарийн талаасаа бол, Ганжуур Данжуурт сэтгэл судлал, философи, логик, хими биологи, математик, анагаах, гоо зүй, сансар судлал гээд л байгал нийгмийн ухааны бүхий л салбар чиглэлийн суурь онол, судлах арга аргачлалын ерөнхий зарчмууд багтсан мэдлэгийн сан хөмрөг. Тиймдээ ч түүнийг бурхны шашны онол сургаалын чуулбар гэхийн зэрэгцээ шинжлэх ухааны бүрэн тайлбар толь ч гэж нэрлэж болно.

-Монгол Ганжуур Данжуурын уламжлалын тухай?

-Ганжуур, Данжуурыг Монголчууд маань үндсэндээ МЭ 8-р зуунаас судалж эхэлсэн байдаг. Цаг хугацааны хувьд Түвдээс ч түрүүнд судалж, өөрийн хэл бичигтээ бага сагаар буулгаж байсан байгаа юм. Ингээд найман зууны дараа буюу 1629 онд Лигдэн хааны зарлигаар Ганжуурыг худам монгол бичигнээ бүрэн эхээр нь хөрвүүлэн, барлан хэвлэжээ. Дараа нь II-р Жанжаа хутагтын удирдлагаар 1742-1749 онд Данжуурыг мөн бүрэн эхээр нь орчуулж хэвлэсэн. Монгол Ганжуур, Данжуурыг бүтээхдээ тухайн үеийн дээд зэрэг зиндааны лам хувраг, нэрт орчуулагчид хамтран Санскрит, Түвд эхийг тулган орчуулсан тул Монгол Ганжуур Данжуур нь хамгийн алдаа мадаггүйд тооцогддог. Өдгөө “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн лам хуврагуудын санаачлагаар Монгол түмэн маань Ганжуур, Данжуурыг крилл бичигнээ буулган хэвлүүлж байгаа нь 400-аад жилийн дараа бурханы шашны сургаалын охь манлай болсон Монгол Ганжуур хийгээд Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн нийтийн хэл бичигнээ буулгаж, үр хойчис дараа үедээ судлах, суралцах боломж нээн өгч буй түүхэн ач холбогдолтой үйл юм. Монголын өв уламжлалыг дахин сэргээж, хүн бүр танилцах боломжгүй байсан энэхүү бүтээлийг орчин цагт хүмүүс бүгд уншиж судлан улмаар ширээний номоо болгох боломжийг нээж өгч байгаадаа бид бүгд омогшиж, урам зоригтой байдаг.

-Ер нь яагаад Ганжуур Данжуурыг дахин бүтээх болов?

-Ганжуур Данжуурыг дахин бүтээх болсон нь хэд хэдэн шалтгаантай л даа. Дорнын бурханы шашинт улс үндэстнүүд Бурхан багшийн сургаалын чуулбар болсон Ганжуур хөлгөн судрыг түүхийн янз бүрийн цаг хугацаанд өөр өөрийн хэл дээрээ буулгасан байдаг. Түүхэн сурвалжуудаас харахад энэхүү агуу бүтээлийг эх хэл дээрээ орчуулан буулгаж байсан улс цөөнгүй. Тухайлбал, Солонгос, Япон, Хятад улсууд Ганжуурыг эх хэлэндээ орчуулан хэвлэж байсан түүхтэй.   Саяхан дээрхийн гэгээн Далай багш: азийн улс орноос “Монгол бол дэлхийд бурхны шашныг дэлгэрүүлэн хөгжүүлэх орнуудын нэг. Тиймээс монголчууд бурхан багшийн сургаалын цоморлиг Ганжуур, Данжуурыг сайтар судалж шинжлээд хойш үедээ өвлүүлэх хэрэгтэй” хэмээн айлдсан юм.

-400 боть ийм том бүтээлийг жирийн нэг соёлын төв бүтээж байна гэхээр олон улсад хүлээн зөвшөөрөх болов уу?

-Энэ ажлыг 15-аас дээш жил Буддын гүн ухаан, монгол хэл бичиг, санскрит, түвд, манж, хятад хэлэнд мэргэшсэн 30 гаруй боловсон хүчинтэй чадварлаг баг хийж гүйцэтгэж байгаа. Бид хөрвүүлгээ уйгаржин Монгол болон Түвд эх сурвалжаас тулган хөрвүүлж байгаа бөгөөд зарим хэсэгт санскрит, пали эхүүдтэй нь тулган орчуулж байгаа. Энэ ажилд БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, Олон Улсын Монголч Эрдэмтэдийн Холбоо, МУИС, УБИС, Төв номын сан зэрэг байгууллага, эрдмийн зөвлөл хамтран ажиллаж байна. Монгол түмний хамтын хүчээр бүтээгдэн буй шинэ Монгол Ганжуур Данжуурын эхний ботиудыг хэвлэлтээс гарсан цагаас хойш дэлхийн нэр хүнтэй номын сан, их сургуулиуд захиалан авч байгаа нь бидний бүтээлийг олон улсын хэмжээнд хэрхэн хүлээн зөвшөөрч, үнэлж байгааг харуулах бизээ. Америкийн Санта-Барбарагийн их сургууль, Конгрессын номын сан, Германы төв номын сан, Боннын их сургууль гээд олон байгууллагыг нэрлэж болно. Манай төр засаг ч Ганжуур Данжуурын төслийг маань бүрэн хэмжээнд дэмжиж байгаа.


-Шинэ монгол үсэгт буулгахдаа энгийн хүмүүст ойлгогдохоор хялбаршуулж болоогүй юм уу?  

-Манай нэг эрдэмтэн: “Сонгодог бүтээлийг энгийн болговол ямар ч үнэ цэнэгүй болно. Харин сонгодгийн хэмжээнд сэтгэн судалж байж бид оюун ухааны хөгжлийн дээд түвшинд хүрэх болно” хэмээн хэлж билээ. Ганжуур, Данжуур бол өөрөө сонгодог бүтээл. Дээрээс нь бидний өвөг дээдэс аялгуу сайхан монгол хэлний уран тансаг найруулга ба утгыг нь оюун ухаандаа нарийн судлан шинжилсний үндсэн дээр орчуулсан байдаг. Наанадаж олон овог монголчуудын хуучны үг хэллэгийн сан хөмрөг Монгол Ганжуур, Данжуурт хадгалаатай байна. Нэн ялангуяа 12-16-р зууны үеийн сонгодог монгол хэлний найруулга зүйн гайхамшгийг Монгол Ганжуур, Данжуураас харж болно. Үүнийг бид өнөө цагийн хүмүүст хүргэх гэж байгаа нь энэ гээд дураараа өөрчлөн эвдэж болохгүй. Тиймээс бид үндсэн эхийн орчуулгыг яг хэвээр нь буулгасан. Энэ чинь бидний л мэддэг монгол хэл шүү дээ.

-Төслийг хэрэгжүүлэхэд нийт хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?

-400 жилийн тэртээ Ганжуур, Данжуурыг худам монгол бичгээр бүтээхэд нийт 41600 гаруй лан мөнгө орсоноос 31200 лан мөнгийг Монголын ард түмэн сайн дураараа гаргаж, бусдыг нь улсын сангаас гаргаж байсан юм билээ. Өдгөө ч мөн ялгаагүй ард түмэн маань энэ төслийг уухайлан дэмжиж байна. Цөвүүн цаг ирсэн гэж амтай бүхэн халаглаж байгаа энэ мөчид Монголын ард түмэн оюуны гайхамшгийг бүтээх хүсэл эрмэлзэл, сайхан сэтгэлээ гээгээгүй байгааг хараад үнэхээр бахархдаг юм. Өнгөрсөн хугацаанд чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулснаас 75 хувийг сүсэгтэн олон ард түмэн маань оруулсан. 25 хувийг нь дотоод эх үүсвэр болон гадаадын байгууллагын тус дэмээр бүрдүүлсэн.

-Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлэх вэ?

-Монголчууд бид өндөр заяат, зовхи нь өөдөө ард түмэн. Дэлхийн ихэнх улс орон Ганжуур, Данжуурыг сая л эх хэлээрээ буулгах гэж байхад Монголчууд өөрийн хэлэндээ аль эрт орчуулаад зогсохгүй 21 дүгээр зуунд орчин цагийн шинэ бичигнээ дахин буулгаж байгаа нь оюуны соёлыг монголчууд дээдлэн шүтэж ирсний тод жишээ. Ганжуур Данжуурыг бүтээж буй нь бидний хувьд лам хүний гэхээсээ илүү иргэний үүрэг гэж бодож байна. Монгол Ганжуур, Данжуурын эхний 50 ботийг хөрвүүлж, уншигч олноо түгээх ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 02-ны 11 цагаас Кемпински зочид буудлын хурлын зааланд болох тул уншигч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол Ганжуур Данжуурын адистэд хүчээр түмэн олон минь энх тунх, төр засаг минь амар амгалангаар цэнгэн жаргах болтугай.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж