Сэхэл авдаггүй гудамжны гэрэлтүүлэг

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Сэхэл авдаггүй гудамжны гэрэлтүүлэг

Найзын маань дүү нэг удаа “Би байнга түгшүүртэй амьдардаг боллоо. Хичээлээ тараад гэр рүүгээ явахдаа харанхуй гудамжаар айж бэргэн алхдаг. Харин автобусанд суухдаа халаасны хулгайчид эд зүйлээ алдчих вий, цүнхээ зүсүүлчих вий гэж түгшдэг” хэмээж байсан. Үнэхээр л нийслэлийн иргэдэд аюулгүй амгалан орчинд амьдрах нөхцөл алга. Нийслэлийн удирдлагууд болохоор манай хот хөгжиж байгаа. Гэр хорооллын гудамж бүр гэрэлтэй болсон. Ер нь их сайхан болж байна гэж ярих дуртай. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш. Ам, ажил хоёр нь үргэлж л зөрж байдаг нь амьдрал дээрээс харагддаг гээд хэлчихвэл хилсдэхгүй биз. Уг нь гэрэлтүүлэгтэй байна гэдэг нь тухайн хотын гоёл чимэглэлээс гадна амар тайван амьдрах нэг баталгаа болдог. Харанхуй гудамжинд дээрэм, танхай, хүчингийн хэрэг байнга шахам гардагийг цагдаагийнхан бараг л өдөр бүр сануулдаг. Хулгай дээрмийн хэргийн талаар бүр ч ярилтгүй. Хашааны буланд  хулгайч нар отоод зогсож байдаг нь нууц биш.  Нийслэлийн харанхуй гудамжинд гарч буй гэмт хэргийн тоо 15-25 хувийг эзэлдэг гэсэн. Уг нь нийслэлийг гэрэлтэй, гэгээтэй болгох гэж жил бүр 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил ч мөн есөн тэрбумыг зарцуулж байгаа. Энэ мөнгийг зарцуулснаар нийслэлд 5400 орчим гэрэл нэмж тавина гэсэн ч энэ нь хангалттай тоо биш санагдах юм. Учир нь нийслэлийн төв гудамжууд, зарим зам дагуу л гэрэлтүүлэгтэй. Харин газрын мухарт амьдарч байгаа иргэдийн орчин гэрэлтүүлэгтэй эсэх, янз бүрийн хэрэг гарч байгаа эсэх нь хотын удирдлагуудад хамаагүй бололтой. Гэтэл нийслэл  өдрөөс өдөрт л хаяагаа тэлж, өдгөө 1.2 сая гаруй хүн амтай болоод байгаа. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хот алслагдсан гэр хорооллоор хүрээгээ тэлж байна.  Ийм байхад зөвхөн л хотын төв болоод орон сууцнуудынхаа гэрэлтүүлэгт санаа тавьж, гэр хорооллынхныг мартсан. Үүнийгээ хотын удирдлагууд гэр хороолол төлөвлөлтгүй явж байна хэмээн тайлбарладаг. Гэр хороололд хаана газар олгох, хашаа хатгахыг нь нийслэлийн удирдлагууд зөвшөөрдөг байлтай.

Нийслэлийн хэмжээнд нийт 24 мянган орчим гэрэл­түүлэг байдаг гэсэн. Гэхдээ үүний ажиллаж байгаа нь хэд бол. “Гэрэлтүүлэгтэй бол­лоо” хэмээн бөөн хөөр болтол нөгөөх нь ганц сарын насгүй байх нь олонтаа. Нөгөөтэйгүүр сайн судалгаа хийж гэрэлтүүлэг худалдаж аваагүйгээс болоод Өмнөд Солонгос зэрэг улсаас авчир­сан гэрэлтүүлэг өвлийн хүйтэнд асахгүй байх тохиол­дол цөөнгүй гардаг аж. Энэ бүхэн эргээд өнөөх л харанхуй орчныг бүрдүүлдэг. Баянхошуу орчмын гэр хорооллын гудамжуудын дийлэнх нь харанхуй. Асдаг гэрэл тун цөөн. Өөхөн дэнгийн гэрэл шиг сүүмийсэн туяа дөрөв таван харанхуй гудамжны цаана үл мэдэг ёлтойно. Уулын өвөр бэлийн гудамж руу дөхөх тусам гэрэлгүй, түнэр харанхуй орчин угтдаг.

Тэрбумаар хэмжигдэх хө­рөн­гө оруулалт хийсэн хотын гэрэлтүүлэг яагаад сэхэл ав­даггүй юм бол. Яармаг, Шар хад, Толгойт гээд гэрлийн шон тавьснаас цааш хэтэрдэггүй газар дэндүү олон бий. Хотын баруун хэсэг Хилчний гудамж, Тахилт, баруун хойт чиглэл болох Дамбадаржаа, Дарь-Эх болон Хан-Уул дүүргийн зарим хэсгийнхэн огт гэрэлгүй амьдарч байна. ТЭЦ-V цахилгаан станцын гудамж л гэхэд замыг нь засч дуусаад гэрэлтүүлгийг нь давхар хийнэ гэсэн ч одоо болтол  харанхуй л байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн гэрэлтүүлгийг өөр өөр компани хариуцдаг. Эдгээр компанийнхан гэр хороололд гэрэлтүүлэг тави­хад хүндрэлтэй байна гэж зовлон тоочоод л суудаг юм билээ. Бас болоогүй, чадварлаг мэргэжилтэн ч тун тааруу гэсэн. Гэрэлтүүлэг тавих хүн хүч дутмаг болохоор цахилгаанчин нь өөрийн дүү ойр дотны хүмүүсээ дагуулж ирээд гэрлийн шонг нь солиулдаг гэж байгаа. Уг нь хийнэ, бүтээнэ гэж хөрөнгө мөнгө авсан нь ойлгомжтой. Түүнчлэн эдгээр компани нь гэрэлтүүлгийн асалтын байдлыг 95 хувьд хүргэнэ гэж гэрээ байгуулдаг юм билээ. Гэтэл хотын төвдөө л 95 хувь байдаг байх, гэр хороололд 40 хувь л хүрвэл их юм. Улсын нийслэлдээ амьдарч байгаа хэрнээ түнэр харанхуйд бүдчин явах нь гэр хорооллынхны хүсэл биш байлтай. Харанхуй гудамжаар айдастай алхах иргэдийн түгшүүр хэзээ арилж хот гэр хороолол гэгээтэй амгалан болох бол. Уг нь бол тийм ч хэцүү ажил биш шиг санагдах юм. Нийслэлийн Орчны бохирдол, хог хаягдлын менеж­ментийн хэлтсийн гэрэл­­түүлэг хариуцсан мэргэ­жилтэн Б.Эрдэнбат “Хотын гэрэлтүүлгийг шинэчлэх шаардлагатай байна. Монгол Улсын нийслэлийн иргэд гэрэлтэй соёлтой орчинд  амьдрах эрхтэй. Гэхдээ нийс­лэлийн хөрөнгө мөнгө хүрэх­гүй байгаа учраас жил бүр гэрэлгүй байна гэдэг асуудал яригддаг. Уг нь хотын гэрэлтүүлэгт шаардлагатай мөнгийг жил бүр өгдөг хэдий ч хангалттай хүрэлцдэггүй. Ер нь бол систем нь жаахан алдагдаад ирэхээр улсаас хэдэн төгрөг нэмж өгч аргалдаг. Үүнээс болоод хотын гэрэлтүүлэг уналтад орсон” гэж байсан. Үнэхээр Улаанбаатарын гэрэл­­түүлэг уналтад орсон нь яах аргагүй үнэн. Одоо үүнийг хэрхэн шинэчлэх ёстой юм бол. Дэлхийн олон хот гэрэлтүүлгийн ухаалаг системийг ашигласан байдаг юм билээ. Энэ нь шаардлагатай үед нь гэрэлтүүлэхээс гадна, байгаль орчинд эерэг нөлөөтэй байдаг юм гэсэн. Тив алгасаж туршлага судлах биш. Ердөө ойрын Өвөр Монголын Ордос хотоос туршлага судалж болно шүү дээ. Тус хот нар, салхины эрчим хүчийг ашиглаж гудамжнууддаа толин гэрэл­түүлэг тавьсан байна билээ. Энэ үнэхээр авууштай санаа харагдаж байсан. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй гээд толин гэрэл­түүлэг олон давуу талтай юм билээ. Хөрөнгө зардал багатай хамгийн энгийн хэрнээ шийдэж болох зүйл мэт санагдсаныг нуух юун. Солонгосоос өндөр өртөгтэй гэрэлтүүлэг авчирч өвлийн хүйтэнд царцаад асахгүй байна гэсэн инээдэмтэй гомдол мэдүүлж байснаас нар салхины хүчийг ашиглаад үзэхэд буруудах зүйл байхгүй болов уу. Улаанбаатарын гудамж бүрийг гэрэл гэгээтэй болгоход хотын удирдлагууд анхаарна гэдэгт найдаж байна.

Б.АЗАА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж