Аюулгүй хот болгох ийм гарц байж болох уу

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Аюулгүй хот болгох ийм гарц байж болох уу

Хог бол хотынхны асуудал, “мөнх”-ийн сэдэв болчихсон. Зарим нэг нь энэ сэдэвтээ бүр “хайртай” болчихсон юм шиг харагддаг.

XXI зуун гар­чих­сан, техно­логи, цахим хөгж­лийн энэ үед бид хогон­доо дарагдчихсан хоттой, түү­ний­гээ яая даа гээд арга мухард­сан царайтай арчаагаа алдаж суугаа нь арай л биш ээ. Миний мэдэхээс сүүлийн хорин жилийн турш  хог ярилаа. Одоо боливол яасан юм бэ, арай холыг харж сэдвээ өөрчилье л дөө. Гэхдээ үүний тулд эхлээд хогныхоо асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Харин ямар арга зам байна. Хоггүй хотын эрлийг холоос хайх бус орчин тойрноосоо  гаргалгаа хайгаад үзье.

Улаанбаатар 130 гаруй хороо­той. Иргэдтэйгээ жинхэнэ улаан нүүрээрээ тулж ажилладаг засаг захиргааны анхдагч нэгж гэвэл хороо. Гэхдээ ихэнх нь энэ үүргээ биелүүлдэггүй, зүүрмэглэсэн хүмүүс байдаг. Дарга цэргээсээ эхлээд ажилтай ажилгүй нь мэдэгдэхгүй олон хүн дөрвөн хананы дунд дөрөө харшуулж суух юм билээ. Нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ч гэх шиг юу хийдэг, ажил үүргийн ямар хуваарьтай нь тодорхойгүй.  Дээр нь хэсгийн ахлагчид гэж бас гүйдэг нярав гэдэг шиг хүмүүс байдаг. Тийм ийм судалгаа, энэ тэр нэр дэвшигч гээд хаалга үүд онголзуулахаас өөр юу хийдэг нь бас тодорхойгүй. Гэхдээ мөнөөх хорооныхныг бодвол үе үе үзэгдээд байдаг болохоор тэд ажилтай хүмүүс шиг анзаарагддаг.  Ийм боло­хоор нь хэсгийн ахлагчдыг өнгөрсөн жилээс эхлээд цалин пүнлүүтэй болгосон юм гэсэн. Улаанбаатарт 1300 гаруй хэсгийн ахлагч байдаг. Хог бичих гээд хороо хэсэг ярьчихлаа. Одоо асуудалдаа эргэн оръё.

Хог хаана байдаг вэ. Хариулт нь ганцхан. Нийтийн эзэмш­лийн гудамж талбайд л байдаг. Тэгснээс Долзод хөг­шин, Доржийн хашаанд хогоо аваачаад асгачихдаггүй. Ний­тийн эзэмшлийн газар гэхээр л эзэнгүй  гэсэн төсөөлөл түрүүлж төрдөг. Тэгэхээр энэ эзэн­гүй мэт төсөөлөгддөг нийтийн эзэмшлийг  “эзэнтэй” болго­чихвол хэн дуртай нь очиж хог шороогоо хаяж, угаадсаа цацаад байхгүй. Харин тэр эзэн нь хэн байх вэ. Энэ эзнийг нь “Орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч” гэж нэрлэлээ. Ийм шинэ албан тушаалтныг бий болгомоор санагдаад байгаа юм. Бас л нэг байцаагч түшмэл гараад ирлээ гэж ундууцах хэрэг ердөө байхгүй. Нэршлээс нь энэ байцаагч хоёр үндсэн үүрэгтэй байх нь ээ гэдгийг анзаарч байгаа байх. Нэгдүгээрт орчны ариун цэвэр, хоёрдугаарт  аюулгүй байдалд хяналт тавьж хэрэгжүүлнэ гэсэн үг. Хог бол ойлгомжтой, харин аюулгүй байдлын тухайд тодотгох хэрэг­тэй байх. Ээжээсээ хөтлөөд явж байсан бяцхан охин траншейний нүхэнд унаж амь алдсан гашуун явдал саяхных. Баянзүрх дүү­рэгт тогтоол ус гаталж явсан хоёр хүүхэд ил татсан ТҮЦ-ийн цахилгааны утсанд цохиулж эндсэн явдал хэдэн жилийн өмнө гарч байсан. Хүссэн нэг нь авто замыг сэтэлж, эсвэл цемент  асган гэр хашаа руугаа гарц хийж л байдаг. Явган хүний замыг машин угаах газар болгож, Улаанбаатарыг угаадсанд умбуулж л байна. Үүнд хараа хяналт тавьдаг хүн гэж алга. Амьдарч буй орчин маань ийм. Аюулгүй Улаанбаатар бол Э.Бат-Үүл даргын мөрийн хөтөлбөрийн чухал зорилт болж байгаа. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх газар нь нийтийн эзэмшлийн талбай болж байгаа ийм нөхцөлд мөрийн хөтөлбөр мөрөөдөл л болж үлдэнэ. Тиймээс хамгийн түрүүнд хараа хяналтандаа авах бай бол энэ нийтийнх гэсэн тодотголтой газрууд. Ялангуяа зах зайдуу гудамжууд. Нийтийн эзэмшлийг хараа хяналттай болгох нэг арга зам нь энэ байцаагчийнх хэмээн ойлгож байна.

Орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч бол сууж бус явж ажилладаг нэгэн байх ёстой. Хорооныхон шиг аяга амсардаад хана тааз ширтээд сууж байж таарахгүй. Бас эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Замынхаа цасыг цэвэрлээгүй бол, хогоо орцныхоо үүдэнд асгасан бол, харъяа траншейгээ таглаагүй бол, дугуй, кабель шатааж Улаанбаатарыг угаар­туулж байвал  торгодог, айлга­даг, шаарддаг хийлгэдэг  байх ёстой. Ийм эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Ингэвэл иргэд байцаагчаа аяндаа дэмжээд өгнө. Хэнийх хогоо гаргаж хаяад байгааг, хаана хальтиргаа гулгаа их байна гэхчлэн утасдаж “хошуу өргөөд” байхаа мэднэ. Хэн ч бай цэвэр аюулгүй орчинд амьдарч ажиллах заяамал хүсэлтэй. Тийм болохоор иргэд байцаагч хоёр дэм дэмэндээ, ажил нь урагштай байх үндэс бий. Байцаагч бас тусгай формтой байсан ч болохгүй гэх зүйлгүй.

Дүүрэг хүн ам, газар нутгийн хэмжээнээсээ хамаарч хэдэн байцаагчтай байхаа шийдэж болно. Дээр хороо хорины тухай өгүүлсэн учир бол хороо бүрд нэг ийм байцаагч ажиллуулахад болохгүй гэх газаргүй мэт. Хорооны конторсог орон тоог нь цөөлж, явдаг, хийдгийг нь нэмж яагаад болохгүй гэж. Хэсгийн ахлагчдыг ч бас хоггүй Улаанбаатарын төлөө  зорилтод  татан оролцуулж болно. Орч­ны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагчдын цалин урамшууллыг шийдвэрлэхийн тулд энд тэнд байгаа илүүдэл “амьгүй албат”-уудыг цомхотгох замаар, эсвэл торгуулиар оруулсан орлогын хэсгээр нь,  бүр болохгүй бол харъяалсан албан газар,  айл өрхөөсөө арав таван төгрөг хураагаад цалинжуулж болмоор санагдаад байна. Мөнгөө өгсөн иргэд ажлаа сайн хийхийг шаардана. Бүр ч боломжтой хувилбар юм уу.

Ийм чиг үүрэгтэй байцаагч ажиллуулснаар хогноосоо сал­сан гадаад орнуудын жишээ байх юм билээ. Иргэнээ ажилтай болгонгоо, нийслэлээ хоггүй байлгах ийм нэг гарц харагдаад байна. Туршаад үзвэл яасан юм бэ, хотын дарга аа.

П.БУЛГАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж