MLS-ын шигшээ тоглолтын дараа “ЛА Галакси”-г орхихоор шийдсэн тухайгаа мэдэгдэж байсан Дэвид Бэкхэм Францын хөлбөмбөгийн Лиг 2-ын “Монако” багтай хэлэлцээ хийхээр болсон бололтой. Бямба гаригт болох шигшээ тоглолтын дараа Бэкхэм тус багийн удирдлагатай уулзах гэнэ.
“Монако” багийн гүйцэтгэх захирал Тор-Кристьян Карлсен “Бид одоогийн багийн бүрэлдэхүүндээ сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ Бэкхэмийн зиндааны тоглогчийг эгнээндээ нэгтгэх боломжийг алдвал дэндүү тэнэг хэрэг болно. Одоогоор бид Бэкхэмийн ирээдүйн зорилго бидний хүсэл амбицтай нийцэх эсэхийг судалж байна” хэмээсэн байна.
Нэгэн цагт Английн шигшээ багийг ахалж явсан Бэкхэмд ОХУ болон Бразилийн багууд ч мөн санал тавиад байгаа. Мөн Францын “ПСЖ” ч түүнд өнгөрсөн жил хэдэн сая фунтээр үнэлэгдэх гэрээний хувилбар санал болгож байсан. Тиймээс энэ удаад ч өрсөлдөөнд нэгдэхийг үгүйсгэх аргагүй. Харин Бэкхэм өөрөө шинэ оноос өмнө эцсийн шийдвэрээ гаргана гэжээ.
MLS-ын аваргын төлөө “ЛА Галакси” болон “Хьюстон Динамо” багууд тоглоно. Энэ тоглолт Бэкхэмийн хувьд Америкт хийх сүүлчийн тоглолт байх юм.
Бэкхэм “ЛА Галакси”-д зургаан жилийг үдэхдээ хуучин баг “АС Милан”-д хоёр ч удаа зээлийн гэрээгээр тоглосон билээ.
С.ЦЭЛМЭГ