Дашрамд сонирхуулахад, Зимбабвийн дорнод хэсгийн Мозамбикийн хилийн ойролцоох бүс нутагт 2006 онд илэрсэн энэ орд дэлхий нийт алмааз эрдэнийн нөөцийн дөрөвний нэгийг агуулдаг. Хоёр жилийн дараа Роберт Мугабийн Засгийн газар энд хяналтаа тогтоосон бөгөөд Их Британид бүртгэлтэй African Consolidated Resources компанийн эзэмшиж ашиглах гэрээг мөн хурааж авсан юм.
Хээл хахууль, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа, түүнчлэн Марангийн уурхайд хяналтаа тогтоох үеэрээ Засгийн газрын цэргүүд энгийн номхон 200 гаруй иргэний амь насыг бүрэлгэсэн гэсэн шалтгаанаар 2009 оноос Зимбабвийн үнэт чулууны экспортод хориг тавьсан билээ. Харин энэ хоригийг 2011 онд цуцалсан юм. Гэсэн хэдий ч хууль хамгаалах байгууллагынхны нотолж буйгаар энэ орны алмаазын урсгал улсын төсөвтөө бус харин хар зах зээл рүү илүүтэй чиглэж байгаа аж. Нэгэн цагт Зимбабвгийн сөрөг хүчний намын лидерүүдийн нэг байсан, одоо бол тус улсын Сангийн сайдаар ажиллаж байгаа Тендаи Бити урьд нь алмааз их хэмжээгээр хулгайлагдаж байгаа тухай нэг бус удаа мэдээлж байсан юм. Энэ оны зургадугаар сард тэрбээр “Өнгөрсөн жил алмааз худалдсан орлогоос улсын эрдэнэсийн санд 600 сая ам.доллар төвлөрүүлэх ёстой байсан ч дөнгөж 46 сая л орж ирснийг нотолж байсан билээ. Маранге уурхай дахь эрдэнийн чулууны нууц худалдаа үргэлжилсэн хэвээр байгаа, Роберт Мугабегийн толгойлдог эрх баригч ЗАНУ намын хөрөнгө санхүүд зуу зуун сая ам.доллар цутгасаар байгааг сөрөг хүчний улстөрчид нотолдог. Энэ мөнгө ирэх 2013 онд болох сонгуульд тус намын ялалтын төлөө, манай гаригийн хамгийн хөгшин удирдагчийн ээлж халаагүй эрх дархын төлөө зориулагдах нь тодорхой. 2008 онд болсон өмнөх сонгуулийн үеэр сөрөг хүчний удирдагч Морган Цвангираи болон түүний талынхныг ЗАНУ намынхан харгис хэрцгийгээр залхаан цээрлүүлсэн бөгөөд энэ сонгуулийн үеэр сөрөг хүчний 300 орчим хүний амь насыг хөнөөсөн байдаг.
Сая болж өнгөрсөн хурлын үеэр ӨАБЭУ-ын Ерөнхийлөгч асан Табо Мбеки “Энэ бүс нутгийн баялаг нь уугуул нутгийнхаа хүн ардын амь амьжиргааг сайжруулахын төлөө зориулагдах учиртай болохоос бүлэглэн хулгайлагч түшмэдүүдийн баяжих хэрэгсэл биш” гэдгийг онцлоод Зимбабвийн эсрэг олон улсын байгууллагын хориг арга хэмжээний талаар сануулаад авсан нь санамсаргүй хэрэг биш байв.
Зимбабве бол Өмнөд Африкийн далайд гарцгүй орнуудын нэг. 12.6 сая хүн амтай, тэдний 85 орчим хувь нь христийн шүтлэгтэй. Энэ улсын эдийн засаг нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл, фермерийн аж ахуй, аялал жуулчлал дээр тулгуурладаг. Зимбабве улсын эдийн засаг 2000 оноос эхлэн унаж, ажилгүйдэл 94 хувьд хүрчээ.
2003 оноос тус улсад мөнгөний ханшийн хэт уналт буюу гиперинфляц болж, 2008 оны наймдугаар сард мөнгөнийх нь ханш урьд өмнө хаана ч тохиолдож байгаагүй өндөр хэмжээнд хүрч унасан нь бий. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь эдүгээ 173 ам.доллар байгаа нь манай гаригийн хамгийн доод түвшин юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин