Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Бид хаашаа дүрвэх вэ

Яагаад ч юм сүүлийн үед ийм бодол толгойд эргэлдэх болов.

Магадгүй тусгаар тогтносон Монгол Улсын  нийт газар нутгийн талаас илүү хувь нь лиценз нэрээр бусдад барьцаалагдан сэндийчигдсэн, үүнээс болж гол мөрөн  ширгэсэн, цөлжилт эрчимтэй явж буй учраас малын бэлчээр сүйдэн малчид хот хэмээх их айл руу дүрвэх болсон, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас байх ёстой бүх зүйл урвуугаар эргэсэн мэт болсон учраас ийн бодоход хүргэсэн ч байж  мэдэх юм. Үүнийг дараах баримтууд ч нотлох биз ээ.
 

ХИМИЙН БОДИСТ ДАРЛУУЛСАН МОНГОЛ

Уг нь бид саяхныг хүртэл онгон зэрлэг байгаль, эх нутаг, газар усаараа бахархаж, магтан дуулдаг байлаа. Гэвч 1990 он гарч “Алт хөтөлбөр” хэрэгжиж улмаар Ашигт малтмалын хууль батлагдсанаар бүх зүйл орвонгоороо эргэсэн нь бид ирээдүй хойч үедээ юу үлдээх вэ гэсэн асуултыг асуухад хүргэсэн эхний шалтгаан билээ.

Учир нь, сүүлийн хэдэн жил монголчууд уул уурхай хэмээн хэт сүжирсний гайгаар хүн мал, аливаа амьд организмд хамгийн их хортой хэмээн ярьдаг цианит натри, мөнгөн ус зэрэг химийн бодисын хэрэглээ хэрээс хэтэрч, байгаль орчин төдийгүй түүнийг дагасан зовлон шаналалыг хүмүүс мэдэрч эхэллээ. Зөвхөн Жайка олон улсын байгууллагынхан 2000 оны эхээр Төв аймгийн Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдад хувиараа алт олборлогчид жилд хагас тонн мөнгөн ус хэрэглэснээс хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч байгаа талаар судлаж тогтоон энэ тайлангаа төр засгийнханд хүргүүлж байсан ч тухайн үед төрийг толгойлж байсан хүмүүс үл ойшоосон тухай эрдэмтэд одоо ч ярьдаг юм. Энэ тухай доктор Ш.Пүрэвсүрэн  сэтгэл эмтэлсэн олон баримт хэлдэг бөгөөд тэрбээр “100 грамм алт ялгаж авахын тулд дунджаар 200 грамм мөнгөн ус хэрэглэдэг.

Тэгвэл тонн тонноор нь  алт угаан урагш нь гаргаж байсан уул уурхайн компаниуд болоод 60 мянга гаруй нинжагийн уршгаар өнөөдөр Монгол орон говь хангайгүй бүхэлдээ бохирдсон гэхэд хилсдэхгүй. Хэргийн гол учиг нь хэрэглэж байгаа металл, мөнгөн усанд биш алтаа ялгаж авахын тулд гал дээрээ ууршуулж байгаа хэсэг нь хүн амьтан, байгаль орчинд хамгийн их сүйтгэлтэй. Ундааны шилэнд хийчихсэн мөнгөн усыг согтуудаа уучихаад ходоодоо цоолуулж авахуулж байсан хүн одоо  зүв зүгээр явж л байна. Тэгтэл гал дээр ууршуулсан ганцхан грамм мөнгөн ус бороо цасны устай эргээд хөрсөн дээр буухдаа 20 га газрыг бохирдуулдаг нь хамгийн аймшигтай” хэмээж байсан нь сэтгэлд үлджээ. Энэ бол мөнгөн ус хэмээх химийн хорт бодисоос үүдэлтэй ганцхан жишээ бөгөөд Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл гээд газрын баялаг ихтэй аймгуудад тулгарч буй өөр олон ноцтой баримтыг хэвлэлийнхэн хөндөж тавьдаг тул олныг нурших илүүц биз. Ямартай ч манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд  гурван жилийн өмнө явуулсан улсын үзлэгийн дүнгээс харахад мөнгөн ус, цианит натри гээд 8000 нэр төрлийн 10000 орчим тонн химийн бодис уул уурхайн болон бусад салбарын хэрэгцээнд импортлож, тэдгээрээс агаарт 100, ус болон хөрсөнд 1000 гаруй нэр төрлийн химийн бодис ялгарч хаягдаж байгаа нь тогтоогдсон байдаг юм билээ. Мөн 2003 онд Борнуур, Сүмбэр, Баянгол суманд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувийнх нь шээсэнд мөнгөн ус зохих хэмжээнээс 50-60 хувь их байсан ба заримынх нь үс, хумсанд бүр цусанд нь хүртэл мөнгөн ус илэрсэн байдаг. Эмч нарын явуулсан үзлэгийн дүнгээс үзэхэд тэдгээр хүмүүс мөнгөн устай харьцаж эхэлснээс хоёр гурван жилийн дараагаас хөлрөмтгий, бие нь салгалан чичирдэг болсон бөгөөд элэг нь томорсон, даралт ихэссэн, нүдний салст нь шархалж үрэвссэн зэрэг зовиурууд илэрдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Тиймээс төр засаг энэ асуудалд анхаарал хандуулж, хүн мал, байгаль орчинд анхаарал тавих уу, эсвэл хүүхэд залуустаа ийм ирээдүйг үлдээх үү гэдэг нь чухал асуудал болчихоод байна.

УНДНЫ УСГҮЙ МОНГОЛ

Өнгөрсөн зун Баянхонгор аймгийн нутгаар явж байхдаа нутгийн иргэд буюу малчдад хамгийн их тулгамдаж буй асуудал нь ундны ус, түүнийг дагаад малын бэлчээр болоод буй тухай асуудлыг хөндөж байлаа. Тодруулбал, “Одод гоулд” нэртэй алтны уурхай Баянхонгор аймгийн хойд сумдыг дамнан урсдаг Өлзийт голын ай савд алт ухаж, юу ч үгүй сэндийчээд буй тухай баримтад нийтлэлийг дэлгэн тавьсан юм. Тэгвэл эл нийтлэл гарсны дараа холбогдох газрууд асуудлыг анхааралдаа  авч улмаар уурхайг хаасан гэх таатай мэдээллийг дуулгасан. Энэ бол ганцхан аймгийн ганцхан суманд тохиолдсон таагүй хийгээд үр дүнд хүрснийг нь онцолбол таатай мэдээ. Яг үнэндээ иймэрхүү үйл явдал буюу гол мөрөнг үгүй хийсэн, ундны ус тойрсон таагүй мэдээлэл Монгол орны өнцөг булан бүрт бий. Ганцхан баримт хүргэхэд өнгөрсөн онд явуулсан Монгол Улсын усны тооллогын нэгдсэн тайлан буюу БОАЖЯ тухай үеийн нэршил-наас хэрхэн танилцуулсан дүнг үзэхэд улсын хэмжээнд 21081 гол, нуур, булаг, рашаан бий. Харамсалтай нь, үүнээс 551 гол, 483 нуур, 1587 булаг нь ширгэсэн дүнг гарсан байна билээ. Хамгийн ноцтой нь алт, зэс, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигддэг орд газрууд байдаг гэх  Өмнөговь аймагт нэг гол байдаг ч ус нь ширгэж үгүй болсон тухай бичсэн байсан юм. Үүнд мэдээж байгаль орчинтой буруу харилцсан нь шууд нөлөөлсөн гэдгийг судлаачид хэлсэн. Ер нь газрын баялаг ихтэй гэх аймгуудад устай холбоотой ийм асуудал үүсч буй нь улам ч айдас дагуулж байна нь нууц биш.

ГАДНЫХАНД ЭЗЛЭГДСЭН МОНГОЛ

 
Монгол Улсын хоймор гэгддэг Хөвсгөл аймагт Бүрэнхааны  фосфоритын орд гэж бий. Нөөцөөрөө бол дэлхийд толгой цохидог гэх эл орд Хөвсгөл аймгийн төвөөс 20, Хөвсгөл нуураас урагш 100 км-т байрладаг юм. Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг, Сүмбэр сумын нутгийг дамнан орших Бүрэнхааны ордын батлагдсан нөөц нь 193 сая тонн. Энэ сав газрын нийт нөөц тэрбум хол давах тухай тооцоо ч буй. Фосфорын бордооны нөөц шавхагдаж буй өнөө үед хятадуудад маш чухал түүхий эд. Тэд ийм төрлийнхөө бордооны үлэмж хэсгийг Мороккогоос нийлүүлдэг. Өнөөгийн байдлаар Бүрэнхааны ордын дийлэнх хэсгийг манай нөлөө бүхий хүмүүс эзэмшдэг. Дээр нь Бразилийн уул уурхайн магнат  “Тефис Майнинг”, БНХАУ-ын “Топруо хэнцо”, “Сутай хэнцо” гэсэн дөрвөн компани эзэмшиж байгаа гэсэн.

2008 онд энэ орд байрладаг Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын нутагт 291 тусгай зөвшөөрөл олгосон байсан. Мөн Монгол орны баруун хязгаарын нүүрсний хамгийн том орд “Хөшөөт”-ийн уурхай байна. БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд шилжиж, Хонконгийн бирж дээр хувьцаа нь арилжигдаад эхэлчихсэн байсан ч саяхан төр засгаас энэ асуудлыг анхаарч уг ордыг стратегийн орд хэмээн мэдэлдээ буцааж авсан билээ. Мөн өмнийн говь бүхэлдээ канадуудын гарт очсон бол удахгүй Дорнод аймгийн Гурванбулаг суманд  ураны баяжмал олборлох ажилдаа БНХАУ-ын Засгийн газрын CNNC компани орохоор бэлтгэлээ базааж байгаа гэх. Иймэрхүү маягаар Монгол орон маань харийнхны гарт очоод буй бөгөөд иймээс л бид хаашаа дүрвэх вэ гэж асуухад хүрээд буй юм.

Бид хаашаа дүрвэх вэ?

Л.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж