Тахрирын талбайд. Фото Reuters
Товчоор хэлбэл, Египетэд нэгэн ийм хэрэг явдал гарчээ. Арваннэгдүгээр сарын 22-нд төрийн тэргүүний үндсэн заалтуудаас бүрэлдсэн тунхаг хэвлэгдэн гарчээ. Нэгдүгээрт, ерөнхийлөгчийн бүх зарлиг, шийдвэр эхнээсээ зөв бөгөөд түүнийг ямар ч шатны засаг, захиргаа эсэргүүцэх ёсгүй. Хоёрдугаарт, тус орны Үндсэн хуулийг боловсруулж байгаа комиссийг тараахыг хориглож байна. Үлдсэн хэрэг нь ерөнхий прокурорыг томилох, Хосни Мубаракийн үеийн албан хаагчдыг шүүх хурлыг олны анхааралд өртүүлэхгүйгээр дахин явуулах зэрэг өөрчлөлтүүд байлаа.
Ерөнхийлөгч фараон болон хувирч байгаад дургүйцсэн олон нийт гудамжинд гарч дээрхи баримтуудыг цуцлахыг шаардав. Харин Мохаммед Мурси одоохондоо тэдний шаардлагыг хүлээн авах гэж яарахгүй байна. Ингээд гарц нь үл харагдах нөхцөл байдал үүслээ. Учрыг тунгаахын тулд Египетэд гарч байгаа сүүлийн үеийн хэрэг явдлыг ойлгох нь чухал болж байна.
2011 оны Тахрирын хувьсгалаар өөрчлөгдсөн тус улсын нөхцөл байдал ийнхүү буруугаар эргэж эхэлжээ. Эдийн засаг нь хувьсгалын өмнөх төвшиндөө ч хүрч чадаагүй явна. Нийгмийн салбарт замбараагүй байдал үргэлжилж, улстөрчид зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа аж. Авторитар, үр ашиг муутай Цэргийн дээд зөвлөлийн эсрэг хурцхан тэмцлийн дүнд Мурси тэргүүтэй исламистууд засгийн эрхийг авсан. Мурсигийн улс төрийн хөтөлбөр нь Карон судрын үзэл санаа, ишлэлээс бүрэлдсэн байгаа.
Исламистууд иргэний болон ардчилсан үнэт зүйлс дээр шашин давамгайлсан засгийг тогтоож, Мубаракаас өвлөгдөн ирсэн шүүх засаглал болон прокурорын албыг өөрчлөхийг оролдож байгаа юм. Үр дүнд нь хоёр ч удаа Үндсэн хууль боловсруулах комисс тарснаас гадна сүүлийн үед комисс бараг ажиллахаа больжээ. Дээр нь Үндсэн хуулийн цэц нь хууль бус гэж үзсэн парламентын доод танхим ажиллаж байна.
Байдал ийм болсон ч тус орны улс төрийн эсрэг тэсрэг хүчин хэн нэгэндээ буулт хийн тохиролцох ямар ч хүсэлгүй байгаа. Тэд өөрсдийгөө ялсан хувьсгалын гол хүчин гэж үзэцгээдэг. Тэд бусдыгаа зөвхөн эрх мэдэлд шуналтай улстөрчид хэмээн тооцдог аж.
Харин энэ тэмцлийн дунд Мурси өөрийн засаг захиргааг бэхжүүлж чаджээ. Өнгөрсөн наймдугаар сард цэргийнхнийг засгаас холдуулсан нь түүний эхний алхам байв. Хоёрт, парламентыг тараасан нь түүнд тус болж, хууль тогтоох бүрэн эрхийг авсан гэж болно.
Бүх засгийг гартаа төвлөрүүлэхэд одоо түүнд шийдвэрийг нь тогтмол өөрчилж ирсэн шүүгчид, прокуроруудыг зайлуулах үлджээ. Энэ саадыг арилгахын тулд тэрээр Үндсэн хуулийн тунхаг гэдгээ гаргаж байна. Зарлигуудыг нь шүүх өөрчлөхгүй байх дархлаа тогтоохын тулд ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийг гартаа авч байгаа юм.
“Ра бурхны хүү”, “Хоёр нутаг орныг захирагч” зэрэгт хувирах өөрийн хүслээ Мурси Египетийн сайн сайхны төлөө гэдгээр тайлбарлаж байгаа. Шүүх түүний эсрэг зогссоноор тус улсын улс төрийн систем хагас уналтын болон замбараагүй байдалд ороод байсан билээ.
Парламент байхгүй, Үндсэн хуульгүй дээр нь бүтэц зохион байгуулалттай сөрөг хүчин бас байхгүй. Харин харилцан бие биенээ муулан довтлолцох хор найруулалт хангалттай. Мурси улс орныг тийм байдлаас гаргахад ерөнхийлөгчөд онцгой эрх хэрэгтэй гээд өөртөө тэр эрх мэдлийг олгож байгаа аж. Үүнтэй холбогдуулан тэрээр өөрийн давуу талаа Үндсэн хуулийг боловсруулан батлуулах мөн парламентын сонгууль явуулах зэрэгт ашиглана гэжээ.
“Би фараон” хэмээх ажиллагааг явуулах цагийг тэр маш сайн тооцоолсон аж. Израиль-Палестины сөргөлдөөнөөр палестинчуудыг дэмжсэн Египетийн ерөнхийлөгчийг Арабын ертөнц тэр чигээрээ алдаршуулан магтаж байна. Дайтагч талуудыг зөвшилцөөнд хурдан оруулж чадсан түүний прагматизм Барууныханд бас л гайхалтай байв. Энэ хоёр алхам нь Мурсигийн дэмжлэгийг эх оронд нь төдийгүй хилийн чанадад нэмэгдүүлсэн юм.
Үүнээс гадна хоёр жилийн замбраагүй, тодорхойгүй байдлаас ядарсан египетчүүд энэ бүгдэд төгсгөл тавихыг ерөнхийлөгчөөс шаардсан билээ. Ингээд бүх зүйл амар амгалан явагдах юм шиг санагдаж байв. Гэтэл тийм юм болсонгүй.
Орон нутгийн телевизээр ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийг зарласны дараа Каир болон бусад хотуудад тунхагийг “хувьсгалын ололтыг устгалаа” гэж дургүйцсэн хүмүүс жагсчээ. Энэ эсэргүүцэлд гудамжны мөргөлдөөн сөргөлдөөнөөс илүүтэйгээр улс төрийн асуудлыг найз нөхдийн хүрээнд ярилцах дуртай “гал тогооны” намынхан гэгдэх хүмүүс олноор оролцжээ.
Жагсагчдын дургүйцэл, эсэргүүцэл их байгаа бөгөөд Александрид Мурсигийн гаралтай “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний албан байрыг шатаасан байна. Александрия хот дахь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний байр.
Нөхцөл байдлыг намжаах гэсэн ерөнхийлөгчийн оролдлого харин ч эсрэгээр байдлыг хурцатгав. “Ахан дүүсийнхээ” өмнө ерөнхийлөгчийн хэлсэн үг түүнийг бусад египетчүүдийн эсрэг байгаа гэсэн сэтгэгдлийг төрүүлж өглөө.
Эсэргүүцлийн гол хүчин хэн байв гэдэг нь сонин. Олон нийтийн эсэргүүцлийг “ууртай хотынхон” дахин хийлээ. Тэд бол тодорхой хэмжээний орлоготой, муугүй ажилтай, улс орныхоо байдалд бие даан ханддаг хүмүүс. Тэд өнгөрсөн жилд дээд удирдлагаас айн сүрдэх айдсаа хаясан хүмүүс. Тэд нар л Мурсигаас шинэ эрх мэдлийг авч хаях цаашилбал, түүнээс өөрөөс нь салахаар бүрмөсөн шийдсэн.
Анхны “Тахрирын хөдөлгөөн”-өөс хойшхи томоохон эсэргүүцлийн жагсаалд арваннэгдүгээр сарын 27-нд 300 мянган каирчууд оролцжээ. Тэдний гол уриа нь “Ард түмэн дэглэмийг солихыг шаардаж байна” гэсэн лоозон. Түүгээр ч барахгүй, тэд зөвхөн Мурсийг ч биш бусад бүх намаа эрчимтэйгээр “Нэгдмэл Египет” болгож буй мусульман ахан дүүсийг огцруулахын төлөө байна.
Нөхцөл байдал улам бүр хурцдаж байгаа бөгөөд ерөнхийлөгч сул дорой гэдгээ харуулах хүсэлгүй байна. Тэд Мурсийг өөрийн тунхагаа цуцлахаас нааш Тахрираас явахгүй гэж байгаа юм.
Гадна дотны шинжээчид Каир хотын төвд Мубаракийг огцрохыг шаардсан жагсаал цуглааны үеэр алдар нэр нь мандан бадарч явсан Мурси яагаад ийм олон эсэргүүцэгчтэй болсонд тайлбар олохыг хичээж байна. Гол тайлбарын нэг нь тэр өөрийн хүчийг тооцож чадаагүй гэсэн үнэлгээ болов. Өмнөх ерөнхийлөгчийг бодвол Мурси чөлөөт сонгуулиар гарч ирсэн хүн. Мөн “Мусульман ахан дүүс” ч нийгэмд их дэмжлэгтэй байна. Хууль ёсны болгож өгсөн энэ хоёр давуу тал, улс оронд нь үүссэн эмх замбаагүй байдлаас болж тэрээр өөрийн шинэ санаачлагадаа нийгмийн дэмжлэг авах гэж оролдсон юм.
Гэхдээ Мурси нэгэн чухал зүйлийг мартжээ. Мубаракийн эсрэг тэмцлийн гол хүчин зүйл нь исламистууд биш байсан юм. Тэд дараагийнх нь сонгуулиудаар олонх болж, Мурси өөрөө ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Хувьсгалын дэгийг түүний талынхан болох тосгоны тариачид, наймаачид биш либерал санаа бодолтой хотын оршин суугчид хөтөлсөн юм. Хувьсгалчид нэг дарангуйлагчийг нөгөөгөөр нь солих гээгүй, харин улс орныхоо бүтцийн шинэчлэлийг хүсч байв. Хэрэв идэвх султай олонх бүрэн эрхт хаантай дундад зууны исламыг улсыг тэвчихэд бэлэн байсан бол идэвхтэй цөөнх нь 2011 онд түүнийг хүлээгээгүй нь ойлгомжтой. Улс төрийнхөө хувьд ч Мурсигийн үйлдлийн утга санаа нь эргэлзээтэй. Египетийн улс төр мухалдалд орсон шалтгаан түүнийг хөдөлгөлөө гэж бас хэлж болох талтай. Өмнөх дэглэм бүрэн солигдоогүй, тэднийхэн алдсан байр сууриа сүүлийн саруудад сэргээж эхэлсэн нь бас үнэн юм.
Мурси өөрийн талд тэднийг эхнээс нь татаж чадаагүй нь гол алдаа байсан гэж бас болно. Тэр Тахририйн идэвхтнүүдтэй санаа бодлоо солилцож байсан бол түүнд л хэрэгтэй байсан байх. Гэвч тэр энэ талаар бараг хөдлөөгүй юм. Харин ч тэр өнөөгийн сөрөг хүчин нь өмнөх дэглэмийнхэнтэй нийлж нягтран, тэдэнд олон улсын дэмжлэг авах боломжийг гарган өгчээ.
Тэгэхлээр өнөөгийн Египетэд улс төрийн амьдралын хуучинсаг хууль үйлчилсээр байгаатай тэр эвлэрэхээс өөр аргагүй. Хэрэв тэр Мубаракийн замаар орохгүй гэвэл өөрсдийн талынхны дуугүй дэмжигчид болон өөрт бүрэн эрх мэдэл өгөхийн эсрэг байгаа сөрөг хүчний дуу хоолойг сонсох нь чухал. Сайн үйлс хийхээр тэр сэтгэж, хичээж байгаа ч гэсэн тэднийг сонсохоос өөр зам түүнд үгүй.