Том суудалд балчирдсан хүн

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Том суудалд балчирдсан хүн

Орон нутгийн сонгууль гэх бантанг зуурсан Ч.Содномцэрэн өнөөдөр ч сонгуулийнхаа эцсийн дүнг гаргаж чадаагүй л байна.  Түүний автомат машинаар тоолоод дүнг нь ядах юмгүй ярс хийтэл гаргана хэмээн амлаж байсан сонгуулийн дүн хачин жигтэйгээр будилж, нэр дэвшигчид, улс төрийн намууд хийрхэлд бүрэн автчихлаа. Өнөөдөр нийслэлийн ирц хүрээгүй тойргуудын дахин санал хураалт болно. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр сонгууль асуудалгүй хэмээн хэдэн сарын өмнөөс хашгирсан СЕХ-ны дарга энэ дахин санал хураалтын дараа ч гацааг бүрэн арилгаж чадна гэх итгэл төрөхгүй байна. Анхаасаа л мордохын хазгай болсон  Ч.Содномцэрэнгийн ажлаа явуулж байгаа байдлыг “унхиагүй, унжгар, будилуу” гэх үгсээр тодотгож болохоор байгаа юм. Учир нь  өмнөх УИХ-ын сонгуулийнх нь дүн эцэслэж гаралгүй өнөөг хүрч парламент элэг бүтэн болоогүй байгаа. Мөддөө болох ч үгүй бололтой. Намынхаа төлөө гэсэн ганцхан командаас өөрөөр толгой нь ажиллахгүй болчихсон энэ хүнд Монгол Улсын хууль дүрэм огтоос үйлчлэхгүй болж, хуулийг гууль болгогсдыг тэргүүлж байгаа. Өнөөх эзэндээ үнэнч байх гэсэн увайгүй зарчмыг шууд утгаар нь хэрэгжүүлж чадаж байгаа гээд хэлчихэд хатуудахгүй байх.

Сонгинохайрхан дүүргийн­хэн нэг төлөөллөө парламентад оруулж чадаагүй байгаа бол Өвөрхангайд ялагдсан нөхөд “Ардчилсан намынх учраас” гэх тодотголтойгоор Үндсэн хуулийг уландаа гишгэн тангараг өргөх гэж байна. Мөн эдгээрийн цаана ч парламентын танхимд хоосон суудал онгойсоор л байгаа. Хууль зөрчиж байгаа болохоороо байцаагдахаас айн арын хаалгаараа зугтдаг зуршилтай Ч.Содномцэрэн дарга орон нутгийн сонгуульд зарна хэмээн төсвөөс 9.2 тэрбум төгрөг зарлагадсан. Гэтэл саналын хуудас хэвлэхээсээ эхлээд л бөөн будилаан болж нэр дэвшигчдээ дутуу бичиж, овог нэрийг нь солих  зэргээр чамбайхан сурдаг гуравдугаар ангийн хүүхдээс ч долоон дор юм хийсэн. Үнэндээ энэ бүхэн түүнийг хэр хариуцлагатай ажлаа гүйцэтгэдэг вэ гэдгийг харуулсан, олон нийтээр дүгнүүлсэн л хэрэг болсон. Зөвхөн саналын хуудасны алдаа л гэхэд 74000 ширхгээр гаргасан гэж байгаа.

Дээрээс нь өнөөх хурууны хээ уншдаг машин шатах, санал тоолох машин гацах гээд өч төч­нөөн хөгийн гэхэд багадахаар алдаанууд ар араасаа хөвөрсөн. Бүр санал тоолох машин нь албаар буруу бөглөөд оруулсан саналын хуудсыг түмний нүдэн дээр зөв гэж тоолон ямархан байдалтай сонгууль болохыг эхнээс нь нийтэд ил болгоод өгсөн. Ийм л ичгэвтэр байдалд эхэлсэн сонгууль энэ өвөлдөө багтаж эцсийн дүнгээ гаргаж амжина гэх найдлага төрүүлэхгүй байна.

Дээрээс  нь  СЕХ   гэдэг бол УИХ-ын  харьяа   бие  даасан, хараат бус байх ёстой байгууллага. Гэвч Ч.Содномцэрэн дарга шууд ил цагаанаар нэг намын талд ажиллаж, намын удирдлагуудынхаа өгсөн зааврын дагуу номхон командтай зүтгэж байгаа. Энэ бол Монгол төрийг сульдаах том шалтгаан. Сонгуулиар төрийн тогтолцоо нь бүрддэг манайх шиг оронд СЕХ-ын дарга гэдэг голтой, аливааг толгой даан шийдвэрлэх чадвартай, бие даасан томоохон боловсон хүчин байх ёстой. Гэвч Ч.Содномцэрэн дарга энэ бүх шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Иймээс түүнийг төрийн хүний хат суугаагүй, боловсорч гүйцээгүй, зангараг суугаагүй гэх хүмүүс захаасаа эхлээд олширсоор байна. УИХ-ынэ гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд зэрэг төрийн дээд албан тушаалуудыг хашиж явсан эл эрхэм СЕХ-ны дарга гэх албыг зангарагтайхан аваад явчихаж чадахгүй нь гэдгийг өнөөдөр бүгд харж байгаа билээ. Төрийн тогтоолцоог төөрөгдүүлэлгүй бүрдүүлэх учиртай СЕХ-ны дарга гэх том суудалд балчирдаад байна уу даа.

С.БАЯР
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж