тун ч их ууртай, бухимдалтай байна. УИХ-ын сонгуульд ялагдсан
“шок”-ноосоо гарч амжаагүй Ардын намынхан орон нутгийн сонгуульд дахиад л
бүдэрчихлээ. Ингэнэ чинээ санаагүй МАН харин эргэж буцан ноцохоор
шийдсэн бололтой. Зуудаг нохой шиг тэд энэ удаа шүүхийг овоо хараандаа
авч, ардчилсан Ерөнхийлөгч рүү дайрч эхлэв.
УИХ-ын сонгуульд
ялагдсанаасаа хойш Ардын нам УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг
эсэргүүцэж, алхам тутамдаа шүүмжилсээр өнөөг хүрсэн. Их хурлын
сонгуулиар хэд хэдэн тойрогт хууль зөрчсөн нь илэрч, нотлох баримтаар
баталгаажсан нь бүр ч уурыг нь хүргэжээ. Сонгуулиас хойшхи хугацаанд
МАН-ынхан төрийн ажлыг гацааж, хэрүүл шуугиан дэгдээхээс өөрийг
хийсэнгүй. Хоёр шатны сонгуульд ялагдал хүлээж, эхнээсээ Өвөрхангай, Увс
аймагт хууль зөрчсөн үйлдэл нь илчлэгдэхээр “шүүх шударга бусаар
шийдлээ” гэж гомдоллох боллоо.
Ингэхэд МАН-ын талд л шүүхийн
шийдвэр гараагүй бол шударга бус байдаг юм уу. МАН-ын талд гарсан
шүүхийн шийдвэр шударга, АН-ын талд гарсан шийдвэр шударга бус байна
гэдэг гаргалгааг хэн гээч улстөрч нь бодож олчихоод түүндээ шүүхийн
хараат бус байдлыг хутгалдуулна вэ. МАН-ын шинэ удирдлагууд уу эсвэл
цагаан дээр хараар баталсан хуулийн зүйл заалт бүрийг зөрччихөөд одоо
уйлан дуулах нэр дэвшигчид нь үү. Ийм хувиа хичээсэн эрх ашиг, өчүүхэн
пиараар ард түмний тархийг угаана гэвэл бүтэхгүй санаархал гэдгийг
тэдэнд хандаж хэлмээр байна.
Тэгээд ч шүүхийн шийдвэрийг аль нэг
нам өөрийн эрх ашигт нийцүүлж эс бөгөөс сөргүүлж тайлбарлах нь
улстөржлөө улстөржлөө гэхэд арай ч хэтэрсэн хандлага юм. Намынхаа эрх
ашигт тохирсон шийдвэрийг хүчээр гаргуулж ирсэн цаг үе нь аль хэдийнэ
өнгөрсөн гэдгийг МАН-ын эрх мэдэлд дуртай нөхдүүд яагаад ухаарахгүй
байгаа юм бэ. Ганцхан биш хэд хэдэн шүүх, нийслэлийн төдийгүй Өвөрхангай
аймгийн шүүхүүд эцсийн шийдвэрээ гаргачихсан, дээр нь Үндсэн хуулийн
цэц асуудлыг нягтлаад үнэн мөнийг тогтоочихоод байхад “МАН-ын талд
шийдвэрлэсэнгүй шударга биш байна” гэж гоншигнох Ардын намынхан арай
дэндлээ.
МАН-ын дарга “Нэгэнт ард түмэн сонгосон л бол хамаагүй”
гэсэн үг хэлчихээд хээвнэг суухыг хараад гайхах хүн олон байна. Юу
гэсэн үг вэ. Ард түмэн сонгосон л бол хууль зөрчих нь хамаагүй гэж үү.
Тэгвэл яах гэж хууль баталдаг юм. Хуультай, төртэй улсын иргэн гэж яваад
яах юм. Хуулиа мөрдөөд цэвэр шударга өрсөлдсөн хүмүүсийн сонгогдох
эрхийг тэгээд хэн хамгаалах юм бэ. Үнэхээр хууль зөрчөөд ч хамаагүй
сонгогдоно гэдэг зарчмыг Ардын намыхан барьдаг нь Увсын сонгуулиас
харагддаг.
Гэхдээ Монгол Улс хуультай, хуулиа хэрэгжүүлдэг орон
гэсэн итгэл ард түмэнд бий. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл төрийн
түшээдэд байгаа. Тийм ч учраас сонгуулиар мөнгө, эд зүйл тараахыг
хориглосон, хэрэв ийм үйлдэл гаргасан бол төрийн эрхийг Үндсэн хуулийн
бус аргаар авахыг завдсан гэж үзэхээр заасан.
Харин Өвөрхангай,
Увс, Дархан-Уул зэрэг тойрогт хууль зөрчсөн үйлдлийг МАН-ынхан зөвтгөж,
өөрсдийгөө өмөөрч, ямар ч хамаагүй аргаар хуулийг дэвслэх гэж
санаархсаар.
Хожим нь ингэх байсан юм бол тухайн үедээ хуулиа
дээдэлж, хуулиа мөрдөж, хуулиа хэрэгжүүлэхгүй яасан юм. Хэрэв хуулиа
сахиж шударгаар өрсөлдсөн бол, сонгогчдод мөнгө тараагаагүй бол, насанд
хүрээгүй хүүхдийг сурталчилгаандаа ашиглаагүй бол МАН-ын нэр хүнд
ингэтлээ шавхайтай хутгалдаж, Монголын төрийг шүүх засаглалтай нь эзлэн
авах их санаархалдаа бүдэрч унахгүй байсан шүү дээ. Тиймээс ч Монгол Улс
хуулиа хэрэгжүүлэх эсэхийг, хууль зөрчигчдөд хариуцлага тооцож чадах
эсэхийг ард түмэн харж, хүлээж, шаардаж байгааг дахин тодотгоё.